Давагдашгүй хүчин зүйлээ тодорхойлуулахаар 126 ААН ханджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-03-04 16:47:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МҮХАҮТ-д 126 компани коронавирусний хорио цээрийн нөхцөлд бизнесийн үйл ажиллагаанд нь гарч буй хүндрэл давагдашгүй хүчин зүйлээ тодорхойлуулахаар өргөдөл гаргажээ. Үүнээс одоогоор 30 компани Давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ гаргуулсан байна. 

Энэ талаар МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэнгээс тодруулбал, "Давагдашгүй хүчин зүйлээ тодорхойлуулахад нөхцөл байдал үнэхээр "COVID-19"-өөс шалтгаалсан эсэхийг судалж гаргах юм. Тиймээс энд цаг хугацаа ордог. Энд юуны өмнө тухайн ААН, бизнес эрхлэгчид давагдашгүй хүчин зүйл гарч буйгаа өөрсдөө нотлох ёстой. Хэрэв бизнес эрхлэгчид банк болон санхүүжүүлэгч байгууллагатайгаа харилцан тохиролцсон нөхцөлд бол Давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ авах шаардлагагүй. 

Заавал коронавирусний нөхцөл байдал гэлтгүй, гал түймэр, үер усны аюул, гэнэтийн нөхцөл байдлаас шалтгаалан тухайн ААН-д үйлдвэрлэгч, бараа нийлүүлэгч бүтээгдэхүүн, үйлчилгээгээ бүрдүүлэн өгч байгаа эсэх гээд өөр нөхцөл байдалд гарч буй, тулгарч буй зүйлээ давагдашгүй хүчин зүйл гэдгээр тодорхойлуулдаг" гэв. 


Бизнесийн төлөөллийн байгууллага МҮХАҮТ үүсээд буй онцгой нөхцөл байдалд нийгмийн хариуцлагын хүрээнд бизнес эрхлэгчдээ дэмжих зорилгоор Давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээний хураамжийн үнийг чөлөөлж, үнэ төлбөргүй болгоод байгаа юм. Коронавирусний тархалтаас үүдэлтэй өндөржүүлсэн бэлэн байдал зарласнаар гэрээний нөхцөл зөрчигдөх, нэмэлт хүү төлөх, торгууль алдангид орох гэхчлэн бизнест хүндрэл учирч байгаа бол МҮХАҮТ-д хандан Давагдашгүй хүчин зүйлийг тодорхойлсон гэрчилгээ гаргуулах юм. Энэ хугацаа 3 дугаар сарын 2-нд дуусаж байна. Үргэлжлүүлэн сунгах талаар одоогоор шийдээгүй байна. 



Түүнээс гадна МҮХАҮТ нь "COVID-19"-ийн тархалтаас сэргийлэх зорилгоор үүссэн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлт, үнийг тогтвортой байлгах зорилгоор гаалийн болон НӨАТ төлөх хугацааг 2 хүртэл сараар сунгах, зээл болон хүүгийн төлбөрт уян хатан хандах, түрээсийн төлбөрийг бууруулах ба хойшлуулах, торгууль алдангиас чөлөөлөх зэргээр зээлдэгч, түрээслэгчдэд дэмжлэг үзүүлэхийг банк болон ББСБ-ууд, мөн түрээслүүлэгч ААН-үүдэд хандан "Бизнесийнхэн хүндрэлийг хамтдаа даван туулъя" хэмээн уриалаад байгаа юм. 

Б.Болд


Холбоотой мэдээ