Х.Клинтон гурван муж улсад ялжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-04-27 11:10:41

ВАШИНГТОН. /TASS/. Ардчилсан намаас АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр өрсөлдөж байгаа Хиллари Клинтон мягмар гарагт Делавэр, Пенсильвани муж улсад болсон сунгаанд ялжээ.

Ийм урьдчилсан таамгийг “Ассошиэйтед Пресс” агентлаг, телевизийн “CNN”, “CBS”, “NBC” болон “Fox News” суваг зэрэг АНУ-ын томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд эдгээр муж улсад санал хураах байрууд хаагдсаны дараа гаргасан байна.

Клинтон Мэриленд муж улсад ялсан тухай өмнө нь “Ассошиэйтед Пресс” болон телевизийн “CNN” компани мэдээлжээ.

Харин Клинтоны гол өрсөлдөгч болох сенатч Берни Сандерс Род-Айленд муж улсад болсон сунгаанд ялсан байна.

Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч тодруулах сунгаа мягмар гарагт мөн Коннектикут муж улсад болжээ. Одоогоор тэнд хэн ялсан нь тодорхойгүй байна.

Бүгд Найрамдах намаас нэр дэвшигчдийн хувьд мягмар гарагт Коннектикут, Делавэр, Мэриленд, Пенсильвани, Род-Айленд гэсэн таван муж улсад болсон сунгаанд тэрбумтан Дональд Трамп бүгдэд нь ялжээ.  

Урьдчилсан мэдээллээр, Трамп муж болгонд сонгогчдын 50-иас илүү хувийн санал авсан байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ