Аймгийн онцгой комисст албан байгууллага, ААН-үүд хандив тусламж үзүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-03-02 17:22:39

Увс /МОНЦАМЭ/. Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор аймгийн Онцгой комисст албан байгууллага, аж ахуйн нэгжүүд хандив тусламж үзүүлсээр байна.

Тодруулбал, өнөө өглөө Увс аймаг дахь "Мэдээлэл холбооны сүлжээ" компанийн хамт олон нэг өдрийн цалингаа буюу 1 сая 177 мянган төгрөгийг аймгийн Онцгой комисст хандивлалаа. Тус хандивын мөнгийг Увс аймаг дахь "Мэдээлэл холбооны сүлжээ" компанийн захирал Б.Анхбаяр аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Д.Батсайханд гардуулан өгчээ.

Үүнээс гадна барилга угсралт, гадаад дотоод худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Скай Айран” ХХК-ийн зүгээс аймгийн Онцгой комисст 3 сая төгрөг хандивлалаа.

Мөн Д.Доржготов даргатай Увс аймгийн унадаг дугуйн холбооны хамт олон аймгийн Онцгой комисст 500 мянган төгрөг хандивласан юм. Тэрчлэн Улаангом сумын 12-р цэцэрлэгийн хамт олон нэг өдрийн цалингаа болон өөрсдийн гараар оёсон 400 ширхэг амны хаалтын хамт аймгийн Онцгой комисст хандивлаад байна.

Нийгмийн хариуцлагаа ухамсарлан, иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө сэтгэл гарган ажиллаж буй дээрх хамт олонд аймгийн удирдлагууд ард иргэдийнхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүссэн юм.

Холбоотой мэдээ