Сэлэнгэ аймагт өнөөдрийн байдлаар 64 хүн ажиглалтад байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-03-01 13:14:06

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. 2020 оны 03-р сарын 01-ний өглөөний 10.00 цагийн байдлаар Сэлэнгэ аймагт нийт 64 хүн ажиглалтад байна.

Эдгээрээс 9 хүнийг сэжигтэй тохиолдлоор аймгийн Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт, 55 иргэнийг аймгийн Нэгдсэн эмнэлэг, Алтанбулаг, Сүхбаатар сумын хилийн боомтын түр тусгаарлах байруудад эмчийн хяналт дор тусгаарлажээ. Тусгаарлагдсан иргэдийн дотор бага насны нэг хүүхэд байгаа гэнэ. Одоогоор дээрх иргэдэд ямар нэгэн зовуурь илрээгүй хэвийн байгаа ажээ.

Энэ хугацаанд нийт тусгаарлагдсан иргэдээс гурван удаагийн давтамжтай 13 сорьцийг Улаанбаатар хотын ХӨСҮТ-ийн томуугийн лабораторид хүргүүлээд байна. Үүнээс дөрвөн сорьцийн хариу сөрөг гарч, бусад сорьцийн хариу гараагүй байгаа ажээ. Сэлэнгэ аймагт тусгаарлагдаад байгаа дээрх иргэд Алтанбулаг чөлөөт бүсийн ажиглалтын А байранд найм, Алтанбулаг чөлөөт бүсийн ажиглалтын Б байранд 18, Сүхбаатар сумын Хүлэг зочид буудлын ажиглалтын байранд дөрөв, Алтанбулаг сумын Нийгмийн даатгалын ажиглалтын байранд зургаа, Сүхбаатар сумын Ахмадын сувиллын ажиглалтын байранд 15 иргэн байна.

Аймгийн онцгой комиссын зүгээс тусгаарлагдаж буй иргэдийн тав тухтай байдлыг аль болох хангах нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байгаа ч зарим иргэдийн хүссэн илүү тавлаг орчинг хангаж өгч чадахгүй гэв. Тодруулбал гамшиг ослын ийм үед тусгай хуулийн хүрээнд ажиллах ёстой аж. Зарим тусгаарлагдсан иргэдийн ар гэрээс мөнгө төлье, өшөө зэрэглэл өндөр буудалд байрлуулья хэмээн дарамт үзүүлж байгаа аж. Ямар ч байсан даралт ихтэй, өндөр настай, жирэмсэн, хүүхэдтэй хүмүүсийг аймгийн ахмадын сувиллыг суллан байрлуулж байгаа гэдгээ аймгийн Онцгой комиссын дарга хэллээ. 

Холбоотой мэдээ