"Лалын улс"-ын 800 сая долларыг устгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-04-27 09:55:44

БАГДАД. /ВВС/. “Лалын улс” бүлэглэлийн байрлалд өгсөн агаарын цохилтоор тус бүлэглэлийнхний хадгалж байсан 800 сая долларын бэлэн мөнгийг устгасан гэж АНУ-ын цэргийн албан хаагч мэдэгдэв.

Багдадад байрладаг хошууч генерал Питер Герстений мэдэгдсэнээр, АНУ “Лалын улс” бүлэглэлийн мөнгө санхүүг хадгалдаг байранд агаараас цохилт өгсөн байна.

Мөн тэрбээр, тус бүлэглэлийн санхүүжилтийг үгүй хийснээр бүлэглэлийг орхигсдын тоо 90 хувиар нэмэгдэж, шинээр элсэх гишүүдийн тоо буурсан гэж мэдэгджээ. 2014 онд АНУ-ын Сангийн яам “Лалын улс” бүлэглэл нь хамгийн их санхүүжилттэй террорист байгууллага гэж мэдэгдэж байв.

“Лалын улс” бүлэглэлтэй тэмцэх АНУ тэргүүтэй эвслийн тагнуул болон ажиллагаа хариуцсан дэд командлагч, хошууч генерал Питер Герстений тайланд дурдсанаар, тус бүлэглэлийн мөнгийг хадгалдаг байрнуудад 20 удаа агаараас цохилт өгсөн байна. Нийтдээ яг хэдий хэмжээний мөнгө  тэмдэгтийг устгасан талаар тэрбээр дурдаагүй боловч Иракийн Мосул хотод гэхэд 150 орчим сая долларыг устгасан байна.

Тэрбээр "нийтдээ хэдий хэмжээний мөнгө устгасныг тогтооход хэцүү, гэхдээ 500-800 сая долларын хооронд хэлбэлзэх болов уу" гэж ярьжээ.

Д.Нямтулга

 

 

Холбоотой мэдээ