Нийгмийн даатгалын байгууллага цахим үйлчилгээ санал болгож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-02-29 20:35:21
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газраас коронавирус "COVID-19" халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн хугацааг гуравдугаар сарын 30-ныг хүртэл сунгасан. Үүнтэй холбогдуулан нийгмийн даатгалын байгууллагаас иргэдийг олноор цуглуулахгүй байхын тулд зарим төрлийн үйлчилгээг цахимаар үзүүлж эхэлжээ. 


Тухайлбал, ажил олгогчийн хоёрдугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хуулийн хугацаанд цахимаар болон шуудангаар авч, хөл хорионы хугацаа дууссаны дараа НД-7, НД-8 цаасан тайланг хүлээн авахаар болжээ. Мөн сайн дурын даатгалын гэрээний хугацаа дууссан тохиолдолд заавал хэлтэс дээр очиж сунгуулах шаардлагагүй дараа сарын шимтгэлээ төлснөөр сунгагдсанд тооцох юм байна. 


Салбар болон орон нутгийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хурлаар даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоохдоо тухайн иргэнийг заавал оролцуулахгүй амбулаторийн карт, төрөлжсөн мэргэжлийн эмчийн үзлэг, шинжилгээний дүн, эмнэлэг хяналтын комиссын саналыг үндэслэн цахим болон бичиг баримтад тулгуурлан сунгаж тогтооно. Харин шинээр тогтоолгож байгаа тохиолдолд Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хуралд төрөлжсөн мэргэжлийн эмч танилцуулж, шийдвэрлүүлэх аж. 


Мөн хугацаанд аж ахуйн нэгжийн хяналт, шалгалтын ажлыг түр зогсоож байгаагаас гадна нийгмийн даатгалын хэлтсүүдийн лавлах утсыг тасралтгүй ажиллуулах, нийгмийн даатгалын нэгдсэн лавлах 7777-1289 утасны мэдээллийн ажилтны тоог нэмэгдүүлж, дуудлага алдалгүй зөвлөгөө өгөх зэргээр иргэдийг олноор төвлөрүүлэхгүй байх арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.


Холбоотой мэдээ