Д.Батлут: Хууль, дүрэм зөрчсөн найман дэлгүүрийн тусгай зөвшөөрлийг цуцалсан

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2020-02-29 15:35:44
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Аймгийн Онцгой комиссын дарга буюу Засаг дарга Д.Батлут, ОБГ-ын дарга Г.Ганбаатар нар цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Улс орны хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотойгоор аймгийн Засаг дарга  А/35, 86, 89, 102, 129, 130 тоот захирамж гаргажээ. Мөн аймгийн Онцгой комисс зургаан удаа хуралдаж 24 асуудлыг шийдвэрлэсэн байна. Захирамжийн хүрээнд сургууль, цэцэрлэг, баар, караоке, саун, компьютер тоглоомын газар зэрэг нийт 80 гаруй байгууллагын үйл ажиллагааг зогсоож олон нийтийн газар, зах, худалдааны төв, орон сууцны хорооллын орц, хонгил зэрэг 418.617 м.кв талбайг ариутгаж, халдваргүйжүүлжээ. Үүнд 54 сая төгрөг зарцуулсан байна.

Мөн хууль, дүрэм зөрчсөн найман дэлгүүр буюу аж ахуйн нэгж байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцалжээ. Өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд “Эрдэнэт” эмнэлэг сувиллын цогцолборын 120 ор, “Учралтбаяр” өрхийн эрүүл мэндийн төвд 40, БОЭТ-ийн Халдвартын тасагт 40 орыг бэлджээ.

Энэ сарын 19-нөөс хойш БНСУ-аас ирсэн Орхон аймгийн 62 иргэн болон түүний ар гэрийхнийг 14 хоногийн хугацаатай тусгаарлаад байна. Мөн 70 гаруй төрийн албан хаагч эргүүлд гарч, амны хаалтгүй иргэдэд шаардлага тавин ажиллаж байна.

Хот хоорондын нийтийн тээвэр, зорчих хөдөлгөөнийг ирэх сарын гурван хүртэл хориглосонтой холбоотойгоор Орхон аймагт хөл хорионд орсон иргэдийн албан байгууллагад нь аймгийн Засаг даргаас тодорхойлолт өгч байна. Өөрөөр хэлбэл, ажилдаа очих боломжгүй байгаа шалтгааныг нь тодорхойлсон албан бичиг өгч байгаа юм. Хот доторх нийтийн тээвэр 3 дугаар сарын 3 хүртэл өглөө 07.00-09.00, орой 17.00-19.00 хооронд үйлчилж байна.

Өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд бизнес эрхлэгчдэд түрээсийн болон санхүүгийн асуудал тулгамдаж байгаа тул “Эрдэнэт ШУТП”-аас хүүгүй, барьцаагүй, эргэн төлөх нөхцөлтэй зээл авсан 80 иргэний 2,3,4 сарынх нь зээлийн эргэн төлөлтийг царцаагаад байна. Харин бусад аж ахуйн нэгжийг нөхцөл байдалдаа уялдуулан түрээслэгч, харилцагчдадаа уян хатан хандахыг уриаллаа.

Амны хаалт болон ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодисын нөөцийг бүрдүүлж байна. Тухайлбал, орон нутгийн оёдлын цехээр дамжуулан 15 мянган ширхэг амны хаалтыг оёжээ.

Аймгийн ЗДТГ-т 24 цагийн ажиллагаатай “Шуурхай штаб” ажиллаж 70357319 дугаарт мэдээллийг шуурхай авч ажиллаж байна.

 

 

 

Холбоотой мэдээ