Иранд парламентын сонгууль болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-02-21 10:22:18

ТЕХРАН. /TASS/. Ираны Межилис буюу нэг танхимтай парламентын сонгууль өнөөдөр болно. 290 суудлын төлөөх энэ сонгуульд нийт 7148 хүн нэр дэвшиж байгаагаас 800 орчим нь эмэгтэй ажээ.


Улс даяар санал авах байрууд орон нутгийн цагаар 08.00 цагт нээгдэж, 20.00 цаг хүртэл үргэлжлэх боловч шаардлагатай тохиолд сунгах аж. Сонгуулийн эхний урьдчилсан дүнг бямба гарагт танилцуулахаар төлөвлөж байгаа хэдий ч сонгуулийн штабын шийдвэрээр зарлах хугацааг хойшлуулж магадгүй байна.


Ираны парламентын гишүүдийг нууц санал хураалтаар дөрвөн жилийн хугацаатай сонгодог. Сонгуулийг хүчинтэйд тооцох сонгуулийн ирцийн босго гэж байхгүй байна. Үүний сацуу, сүүлийн өдрүүдэд Ираны Ерөнхийлөгч Хассан Роухани, шашны удирдагч Али Хаменеи зэрэг тус улсын гол улстөрчид сонгуульд идэвхтэй оролцохыг сонгогчдод хандан уриалжээ. Ираны Олон нийтийн санаа бодлыг судлах төвийн мэдээлснээр, Техраны оршин суугчдын ердөө 21 хувь нь санал авах байр руу явахад бэлэн байна гэжээ.


Үүнээс гадна, сонгууль болохоос хоёр хоногийн өмнө Ираны эрх баригчид тус улсын Кум хотод шинэ төрлийн коронавирусний халдвар авсан хоёр хүн нас барсан тухай мэдээлсэн байна. Энэ нь Иранд илэрсэн коронавирусний халдварын анхны тохиолдол юм. Кум болон Арак хотод гурван тохиолдол шинээр илэрсэн гэж Ираны Эрүүл мэндийн яам пүрэв гарагт мэдээлжээ.


Парламентын өмнөх сонгууль Иранд 2016 оны хоёрдугаар сарын 26-нд болжээ. Энэ удаагийн сонгууль улс төрийн болон нийгмийн амаргүй нөхцөлд болно. АНУ 2018 оны тавдугаар сарын цөмийн хэлэлцээрээс гарч, Ираны эсрэг хориг арга хэмжээний бодлогоо чангатгасан нь тус улсын эдийн засгийг асар том хүндрэл бэрхшээлтэй тулгарахад хүргэсэн юм. Үргэлжилж буй эдийн засгийн хямрал болон хориг арга хэмжээний дарамтын улмаас Ираны Засгийн газар 2019 оны 11 дүгээр сард шатахууны үнийг нэмэгдүүлэхээс аргагүйд хүрчээ. АНУ-ын авсан хориг арга хэмжээний улмаас Ираны эдийн засагт 50 тэрбум ам.долларын алдагдал учирсан гэж тус улсын асуудал хариуцсан АНУ-ын тусгай төлөөлөгч Брайан Хук 2019 оны зургадугаар сарын 26-нд Арабын телевизийн “Al Hadath” сувагт ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна.


Америкийн цэргүүд Лалын хувьсгалыг хамгаалах корпусын “Аль-Кудс” тусгай анги нэгтгэлийн командлагч, генерал Касем Сулейманыг Багдадын нисэх онгоцны бүсэд пуужингийн цохилт өгч хөнөөсний дараа буюу нэгдүгээр сарын 3-нд АНУ болон Ираны хоорондох улс төрийн сөргөлдөөн дахин хурцадсан юм. Генералыг нь хөнөөсний хариуд Ираны эрх баригчид Америкийн цэргүүдийн ашигладаг Иракийн баазуудад цохилт өгсөн билээ. Цохилтын үеэр Америкийн 80 цэрэг амиа алдсан гэж Ираны эрх баригчид мэдээлсэн бол Пентагоны мэдээлснээр, хүний амь эрстээгүй бөгөөд зарим цэргийн тархи доргисон байна. Америкийн объектуудад цохилт өгдөг өдөр Иран Украины зорчигч тээврийн онгоцыг андуурч сөнөөсний улмаас 176 хүн амиа алдсан юм. Амиа алдсан хүмүүсийн дийлэнх нь Иран, Канадын иргэд байжээ.


Холбоотой мэдээ