БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдыг хүлээн авч уулзав

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2020-02-20 23:26:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Цай Вэньруйг өнөөдөр хүлээн авч уулзав.


Уулзалтын эхэнд Шадар сайд Ө.Энхтүвшин хоёр орны харилцаа түүхэн дэх хамгийн сайн үедээ байгааг онцолж, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамж хадгалан, улс төрийн итгэлцэл гүнзгийрч, ард иргэдийн харилцан ойлголцол нэмэгдэж байгааг тэмдэглэв. Мөн Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын хамтарсан комисс, Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны Монголын багийн даргын хувьд хоёр орны бодит хамтын ажиллагааг өргөжүүлэх, үр өгөөжийг ард иргэдэд хүртээхийн төлөө Хятадын талтай ойр ажиллаж, үр дүнд хүрэхийг эрмэлзэж байна гэлээ. Тэрбээр, "Шадар сайдын ажлын чиг үүрэгт Замын-Үүд, Эрээний Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах асуудал ордог бөгөөд энэхүү төслийг бодит ажил болгохын төлөө идэвхтэй хамтран ажиллах сонирхолтой байна" гэлээ.


Түүнчлэн шинэ төрлийн коронавирус /COVID-19/-ний тархалтын улмаас олон хүний нас барж, нөхцөл байдал ноцтой байгаа ч Хятадын төр засаг, эрдэмтэн судлаачид уйгагүй ажилласны үр дүнд хүндрэл бэрхшээлийг даван туулж чадна гэдэгт итгэлтэй байна гэв.


БНХАУ-д шинэ коронавирусний халдвар тархаж байгаа энэ үед Монголын ард түмэн, Засгийн газар тусламжийн гараа сунгаж, сэтгэлийн дэмжлэг үзүүлж буйд Хятадын ард түмэн талархаж байгааг Элчин сайд дурдаад, "Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисс оновчтой шийдвэр гаргаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ түргэн шуурхай авч байгааг байгааг харж байна. Монгол Улсын  нэг ч иргэн халдвар авахгүй байгаасай хэмээн чин сэтгэлээсээ хүсэж байна. БНХАУ-ын Засгийн газар болон ард түмнийхээ нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархлаа илэрхийлье" гэлээ.

Холбоотой мэдээ