Цай Вэньруй: Хоёр ард түмэн өмнө байгаагүйгээр ойлголцож, эв санаа нэгдэж байна

Монголын мэдээ | Ярилцлага
ariunbold@montsame.mn
2020-02-20 14:14:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйтай уулзаж, хоёр орны харилцаа хамтын ажиллагааны талаар ярилцлаа.


-Та Монгол Улсад Элчин сайдаар томилогдож ирээд удаагүй байгаа. Гэхдээ БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-нд олон жил ажилласан туршлагатай. Тиймээс ч хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр хийх ажлаа тодорхойлсон байх?


-Миний бие үүрэгт ажилдаа ороод удаагүй байгаа тул ажил хараахан зүгшрээгүй байна. Шинэ хүний хувьд Элчин сайдын яамны хамт олонтой нягт хамтран ажиллаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд идэвх санаачилга гаргаж ажиллахад бэлэн байгаа. Бид газар зүй, геополитикийн хувьд ойрын хөрш. “Айл хүний амь нэг. Саахалт хүний санаа нэг” гэж монгол үг бий. Мөнхийн хөршийн хувьд бид нэг л заяатай ард түмэн. Тиймээс бие биедээ элэгсэг дотно хандаж, ойр хамтран ажиллаж, үүнийхээ ач тусыг ард түмэндээ илүү их хүртээх хэрэгтэй. Энэ нь ард түмнээс дэмжлэг авахын үндэс болов уу гэж би боддог. Миний болоод Элчин сайдын яамнаас хэд хэдэн асуудалд голлон анхаарна.

Нэгдүгээрт, дээд, өндөр хэмжээний айлчлалын давтамжийг хадгалж, нэмэхийн төлөө ажиллах болно. Дээд удирдлагуудаас чиглэл өгч байж, доор нь ажиллаж буй бид тодорхой ажлын чиг баримжаатай байх юм. Өөрөөр хэлбэл, хоёр орны дээд удирдлагууд нүүр тулан ярилцаж, ажлын болон хувийн ойр дотны харилцаатай байх нь нийт харилцаанд чухал түлхэц болох тул харилцан айлчлалын дамтамжийг хадгалан, улс төрийн харилцан итгэлцлийг нэмэх хэрэгтэй. Хоёр улс Иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны харилцаа тогтоосон нь улс төрийн харилцан итгэлцэл дээшилж байгаагийн тод илрэл. Тиймээс Монгол Улстай найрсгаар харилцах нам, төр засгийнхаа бодлогыг баримтлах болно.

Хоёрдугаарт, өмнө бий болж тогтсон хамтын ажиллагааны механизмуудыг ашиглах хэрэгтэй. Хоёр орны Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн Засгийн газрын комисс, Уул уурхай, эрчим хүч, дэд бүцтийн хамтын ажиллагааны комисс, Монгол, БНХАУ-ын үзэсгэлэн, яармаг бий. Эдгээр механизмыг ашигласнаар хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд тус дөхөм байх болно. 2019 онд Монгол, БНХАУ-ын худалдааны эргэлт 9 тэрбум ам.доллар болсон. Үүнийг 2020 онд 10 тэрбум ам.долларт хүргэхээр төлөвлөж байгаа. Эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд шинэ арга барил, шинэ салбар, шинэ тавцанг бий болгох хэрэгтэй. Өнгөрсөн онд Эрээн, Замын-Үүдийн Эдийн засгийн чөлөөт бүс хамтран байгуулах хэлэлцээр байгуулсан. Үүнийг Монгол Улсын их хурал ойрын хугацаанд батлах байх гэж найдаж байна.

Мөн Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах судалгааны ажил үргэлжилж байгаа. Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжилд шинэ түлхэц, амьдрах хүч өгнө гэдэгт итгэж байна. Цаашид “Бүс ба зам” санаачилгын хүрээнд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх хэрэгтэй.


- “Бүс ба Зам” санаачилгад Монгол Улс оролцох асуудлыг манай улсад олон жил ярьж байгаа ч судалгаа тооцоо хангалтгүй гэсэн шүүмжлэл судлаачдын дунд байдаг л даа?


-Үүний тулд Монгол, БНХАУ-ын стратегийн бодлогыг уялдуулж, Илүү тодорхой төсөл хэрэгжүүлэх хэрэгтэй. Одоогоор 10 том салбарт 40 төсөл хэрэгжүүлэхээр боловсруулсан байна. Үүнд ОХУ ч хамтарч байгаа. Тиймээс хоёр болон гурван талын харилцааг бэхжүүлэх хэрэгтэй байна. Мөн Хятад улс элэгсэг дотно, үнэнч шударга, харилцан ашигтай, хүртээмжтэй байх гадаад бодлого хэрэгжүүлдэг тул Монгол Улсын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэхэд бид бололцооны хүрээнд туслах болно.

Өнгөрсөн онд олон төсөл амжилттай хэрэгжүүлсэн. Харин энэ онд Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлыг жинхэнэ ёсоор “хөдөлгөж”, барилга, бүтээн байгуулалтын ажлыг ид өрнүүлнэ. Мөн гэр хорооллыг дахин төлөвлөх ажлын хүрээнд 1008 айлын орон сууц барих төсөл эхэлнэ. Шинэ төрлийн коронавирус (КОВИД-19)-ний улмаас төслийн эхлэх хугацаа бага зэрэг хойшилж мэдэх боловч хэт удаашрахгүй байх гэж бодож байна. Мөн Улаанбаатар хотод ерөнхий боловсролын долоон сургууль барих, цэцэрлэг барих ажил бий. Манай Засгийн газрын олгосон хөнгөлөлттэй зээл болон буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх төслүүдийг товлосон хугацаанд чанартай гүйцэтгэхийн төлөө ажлаа хийнэ. Голдуу зохицуулах, хяналт тавих ажил бий. Ер нь монголчуудын тусын тулд ард түмэнд ойр, хүртээмжтэй төсөл хэрэгжүүлэх хэрэгтэй гэж бодож байгаа. 


-Монгол, БНХАУ-ын гадаад худалдаа 9 тэрбум ам.долларт хүрсэн. Үүнийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг биелүүлэхийн тулд та ямар ажил өрнүүлэхээр төлөвлөж байна вэ?


-Хятад улс бол дэлхийн хамгийн том зах зээл. Хэрэглээний зах зээл их өргөн, шинэ технологи өндөр хөгжиж байгаа орон. Монгол Улсын хувьд байгалийн арвин баялагтай. Сүүлийн жилүүдэд эдийн засаг нь хурдацтай хөгжиж байгаа. Энэ нь хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэхэд таатай нөхцөлийг бүрдүүлж байна. Худалдааны эргэлтийг нэмэхийн тулд Монголын талын ашиг сонирхлыг хүндэтгэж, хүсэлтэд нь тулгуурлан дорвитой ажил өрнүүлж байна. Ялангуяа нүүрсний асуудлаар Монголын талаас удаа дараа хүсэлт тавьсныг бид цаг тухайд нь шийдвэрлэж ирсэн. Манай улс нүүрс олборлолтоо 50 орчим хувиар бууруулж, олон жижиг уурхайгаа хаасан. Үүний улмаас олон хүн ажилгүй болж байгаа ч бид Монголоос авах нүүрсний хэмжээгээ бууруулаагүй төдийгүй харин ч нэмж байгаа. Нуулгүй хэлэхэд манай уурхайчид “Монголоос нүүрс аваад бидний уурхайг хаалаа” гэсэн гомдол их ирүүлдэг. Хоёр орны өндөр харилцааг бодож бид энэ бүх онцгой арга хэмжээг авч байгаа.

Цаашид худалдааны эргэлтийг нэмэх ажлыг Монголын талтай хамтран хэрэгжүүлнэ. Тухайлбал, хоёр улсын төрийн тэргүүний тохиролцсон худалдааг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг биелүүлэхийн төлөө шургуу ажиллана. Нүүрснээс гадна гурил болон хөдөө аж ахуйн бусад бүтээгдэхүүнийг манай улсад нийлүүлэх Монгол Улсын саналд гойд анхаарал хандуулж байна. КОВИД-19 гарсны дараа Монгол Улсын Засгийн газар зарим хязгаарлалт тогтоосон нь худалдааны эргэлтэд мэдэгдэхүйц нөлөөлж байна. Миний бие УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазартай уулзахдаа хязгаарлалт нь худалдааны эргэлтэд нөлөөлж, нэгдүгээр сард их хэмжээгээр буурсан талаар ярилцсан. Энэхүү вирусний тархалтыг шуурхай дарж, боомтын үйл ажиллагаа, худалдааны эргэлт хэвийн байдалд ороосой гэж хүсэж байна.


-Монгол, БНХАУ, ОХУ-ын хамтарсан Эдийн засгийн коридор байгуулах төсөл хэрэгжиж байгаа. Энэ төслийн хэрэгжилт ямар байна вэ?


-Гурван талын хамтын ажиллагаа маш чухал. Монгол Улс бол БНХАУ, ОХУ-тай ижил харилцаатай нь улс төрийн маш таатай нөхцөлийг бүрдүүлж буй юм. Гурван улс хөрш тул хамтын ажиллагааг хөгжүүлэх байгалиас заяасан давуу талтай. Мөн гурван улсын төрийн тэргүүн нар хамтын ажиллагаанд их анхаарал хандуулж, тогтмол уулздаг өндөр хэмжээний механизм бий болсон. Гадаад хэргийн дэд сайд нарын яриа хэлэлцээний механизм ч бий. “Бүс ба Зам”-ын хүрээнд Эдийн засгийн коридор байгуулах төсөл боловсруулж, 10 салбарын 40 төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Одоо бодит ажил болгох хэрэгтэй байна. Нэн тэргүүнд дэд бүтцийн салбараа хөгжүүлэх хэрэгтэй. Хэрвээ баяжихыг хүсвэл нэн түрүүнд зам тавь гэж хятадууд хэлдэг. Монгол Улс уул уурхайн салбарт түшиглэн эдийн засгаа хөгжүүлж байгаа. Уул уурхайн салбарыг хөгжүүлэхийн тулд дэд бүтэц сайн байх ёстой. Чухам энэ үүднээс дэд бүтцийн хамтын ажиллагааг хөгжүүлэхийг чухалчилж байна. Энэ салбарыг хөгжүүлж байж харилцан ашигтай хамтын ажиллагааг цэцэглүүлэх зорилтод хүрч чадна.



-Та Монголд ирснээсээ хойш Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Гадаад харилцааны сайд, Батлан хамгаалахын сайдаас эхлээд хэд хэдэн албан уулзалт хийсэн. Монголын талаас хамтран хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, шийдвэрлэх шаардлагатай асуудлуудаа танилцуулсан байх. Ямар асуудалд гол анхаарлаа хандуулж байгаа вэ. Үүнийг шийдвэрлэх боломжийг та хэрхэн үзэж байна вэ?


-Миний бие Ерөнхийлөгч Х.Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ албан ёсоор барьсан. Мөн УИХ-ын дарга болон салбар салбарын сайд нартай уулзаж, харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх боломжийн талаар ярилцсан. Уулзалтуудын үеэр Монгол, БНХАУ-ын харилцаа түүхийн хамгийн таатай үедээ байгааг талууд онцолж байсан. Гадаад харилцааны Д.Цогтбаатар “Хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа бол хөрш орнуудын харилцаанд үлгэр жишээ болохуйц хөгжсөн” гэж хэлсэнтэй бүрэн санал нийлж байгаа. Энэ оноос бид дээд, өндөр хэмжээний айлчлалын давтамжийг нэмнэ. Эдийн засгийн ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, хүмүүнлэгийн салбар, ард түмний ойлголцол, найрамдлыг бэхжүүлэхэд түлхүү анхаарал хандуулах болно. Мөн КОВИД-19-тэй хамтран тэмцэх талаар санал солилцлоо. Монгол Улс уг вирустэй тэмцэх ажлыг орон даяар зохион байгуулсны хүчинд одоогоор нэг ч тохиолдол бүртгэгдээгүй. Энэ маш олзуурхууштай зүйл тул Монголын төр, ард түмнээр бид бахархаж байна. Цаашид вирусийг Монголд тархахгүй байхын төлөө бид ажиллах болно.


-Монгол, БНХАУ бол мөнхийн хөрш. Хятад улс эдийн засгийн өсөлт, хөгжил цэцэглэлтээрээ дэлхийд тэргүүлж байгаа. Та БНХАУ-ын хөгжлийн гол нууцыг та юу гэж харж байна вэ?


-Өнгөрсөн онд БНХАУ тунхагласны 70 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэлээ. Шинэ Хятад улсаа байгуулаад 70 жилийн турш нээлттэй өөрчлөлт шинэчлэлийн бодлого хэрэгжүүлснээс хойш манай улсын эдийн засаг тасралтгүй хөгжлөө. Дэлхийн хоёр дахь том эдийн засаг, аж үйлдвэр, худалдааны хамгийн том орон болж, иргэдийн аж амьдрал мэдэгдэхүйц сайжирлаа. Өнгөрсөн онд хүн амын дундаж орлого 10 мянган ам.долларт хүрсэн. Өмнөдийн улс орнуудын хувьд 10 мянган ам.доллар онц биш. Харин 1.4 тэрбум хүн амтай, ядуу буурай байсан улсын хувьд энэ бол том амжилт. БНХАУ хурдацтай хөгжиж байгаагийн гол нууц нь байгууллагын системийн давуу талыг түшиглэсэн хөгжиж ирлээ. Нэгдүгээрт, ХКН-ын удирдлагыг гол болгож, Хятадын онцлогтой социализмын зам сонгож, социализмын давуу талыг хөгжүүлж ирлээ.


70 жилийн хугацаанд цэвэр хөдөө аж ахуйн орноос бие даасан аж үйлдвэрийн орон болох зорилт дэвшүүлж, бүх салбарыг хамарсан үйлдвэрийн систем байгуулж чадлаа. НҮБ-аас том, жижиг гэлтгүй бүх салбараа үйлдвэржүүлсэн, хөгжүүлсэн ганц орон байгаа нь БНХАУ гэж мэдээлсэн. АНУ ч бүх салбараа хөгжүүлээгүй. АНУ бол аль салбараа хөгжүүлэх, аль салбараа хөгжүүлэхгүй вэ гэдгээ эрт шийдсэн орон. Харин Хятад улс бүх зүйлээ өөрсдөө хийж байгаа юм.


ХКН-ын 19 дүгээр Их хурлын үеэр эдийн засгийн тогтолцоондоо өөрчлөлт хийж, хурдацтай өсөлтийн төлөө хөөцөлдөх бодлогоо халж, үр ашгийг дээшлүүлэхэд анхаарч эхэлсэн. Эдийн засгийн бүтцээ өөрчлөн, нүүрс олборлолт, ган төмөрлөгийн үйлдвэрлэлээ 50-иас илүү хувиар буурууллаа. Бид аль болох байгалийн баялгийг бага зарцуулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргахын төлөө ажиллаж байгаа. БНХАУ аж үйлдвэрийн хамгийн том орон болсон нь үнэн. Гэхдээ бид АНУ болон Европын орнуудтай харьцуулахад илүү их байгалийн баялаг зарцуулж, бага ашиг олж байгаа. Тиймээс үүнийг өөрчлөхийн төлөө ажиллаж байна. Хоёрдугаарт, 1978 оноос хойш социалист зах зээлийн чиг баримжааг гуйвалгүйгээр баримталж ирлээ. Бодлогоо тогтвортой барьж, залгамж чанарыг хадгалж ирсэн нь бидний ололт, амжилтын нэг үндэс гэж бодож байна.

Гуравдугаарт, ард түмнээ дээд зэргээр дайчилж, тэдэндээ итгэж, тэдэнд түшиглэн өндөр хөгжилд хүрлээ. Нийгэм, эдийн засгаа хөгжүүлэхэд 1.4 тэрбум хүн амаа бүрэн дайчилж чадаж байна. Бид эв санаа нэгдэж, нэг л зорилго руу тэмүүлж байгаа нь амжилтад хүрсний нууц гэж бодож байгаа.



-Хоёр орны харилцаа ард түмний харилцан ойлголцол дээр тогтдог гэсэн үг буй. Ард түмний ойлголцлыг бэхжүүлэхэд хоёр тал юунд анхаарах шаардлагатай гэж та үзэж байна вэ?


-Энэ маш чухал сэдэв. Бидний хоорондын харилцаа 1990 оноос хойш маш хурдан хөгжиж ирлээ. Түүний дотор боловсролын салбарын хамтын ажиллагаа өндөр хөгжсөн. 1990-2004 онд Хятадын Засгийн газраас монгол оюутнуудад жил бүр 100 орчим тэтгэлэг олгож байсан. Энэ нь бусад улсад олгодог тэтгэлгийн тоогоор гуравдугаарт ордог үзүүлэлт байлаа. Харин нэгдүгээрт БНАСАУ, хоёрдугаарт БНСВУ ордог байсан юм.

2004 онд тухайн үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди манай улсад айлчилсан. Үүний өмнө дээрх тэтгэлгийн тоог нэмэх хүсэлт ирүүлж байсан бөгөөд тухайн үед би Хятадын ГХЯ-нд Монголыг хариуцсан тасгийн дэд дарга байлаа. Ингээд манай яам хөөцөлдөж байгаад 40 квот нэмж, одоог хүртэл 220 квот олгож байгаа нь БНАСАУ-ын дараа орсон үзүүлэлт юм. Одоо хоёр орны боловсролын яамд квотыг нэмэх асуудлыг ярьж байгаа. Шинэ тохиролцоонд хүрч, нэмээсэй гэж би хувьдаа хүсэж байна. Өнгөрсөн хугацаанд бид эдийн засгийн хамтын ажиллагаанд голлон анхаардаг байсан бол 2019 оноос хүмүүнлэгийн салбарын харилцааг хөгжүүлэхээр ажиллаж байгаа. Энэ нь бидний найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өнө удаан, тогтвортой хөгжих сэтгэл, оюун санааны бат бэх суурь гэж харж байгаа. Хоёр орны ГХЯ-дын хүмүүнлэгийн харилцааны механизм байгуулаад хоёр ч удаа яриа, хэлэлцээ хийсэн. Намайг ирэхийн өмнө энэ асуудлыг хариуцсан дэд сайдтайгаа уулзах үед гурав дахь хурлыг энэ онд Улаанбаатар хотод зохион байгуулна гэдгийг хэлж байсан. Цаашдаа харилцан ойлгох, хамтын ажиллагааны арга хэлбэрийг нэмэх шинэ цонх, гарцыг нээх ёстой. 


-Ард түмний харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд монгол оюутнуудыг БНХАУ-д сургах тэтгэлэг болон таван жил Монголын 50 сэтгүүлч тус улсад айлчилсан зэрэг хөтөлбөр чухал үүрэг гүйцэтгэсэн. Иймэрхүү хөтөлбөр үргэлжлэх үү?


-Хоёр орны харилцааг урт удаан, тогтвортой хөгжүүлэхийн тулд ард түмний хоорондын танин мэдэх, ойлголцох, элэгсэг дотноор хандах нь чухал. Үүнд хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд илүү анхаарна. 2004 онд БНХАУ-ын дарга Си Жиньпин Монгол Улсад айлчлахдаа манай улсын Засгийн газрын тэтгэлгээр Монголын 1000 оюутан сургах, 500 залуу, 250 сэтгүүлчийг өөрийн оронд айлчлуулах зэргийг тусгасан хүмүүнлэгийн цогц хөтөлбөр зарласныг амжилттай хэрэгжүүллээ.

Сүүлийн жилүүдэд Хятадын телевизийн олон ангит киног Монголд, монгол киног Хятадад гаргаж байгаа. Мөн монгол хэлнээ хятад зохиол, монгол зохиолыг хятад хэлнээ хөрвүүлэн нийтийн хүртээл болгож байна. Түүнчлэн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлж, олон төсөл хэрэгжүүлэхийн төлөө ажиллах болно.

Хоёр орон 4700 км нутгаар хиллэдэг ч тэр хэмжээнд танин мэдээгүй байна. Тиймээс аялал, жуулчлалыг хөхиүлэн дэмжинэ. Аялал жуулчлалыг хөгжүүлснээр иргэд бие биенээ танин мэдэхээс гадна нийгэм, эдийн засгийг хөгжүүлэхэд чухал нөлөөтэй.

Одоогоор Европ тивийн орнууд хятад жуулчдыг ихээр татаж байна. Хятадууд жуулчлалаар явахдаа голдуу тансаг бараа авч, тансаг хоол идэх сонирхолтой байдгаараа Европын жуулчдаас ялгаатай юм. Өнгөрсөн онд Монгол, БНХАУ-ын 2 сая орчим иргэн харилцан зорчсоноос 1.8 сая нь монгол, 200 мянга нь хятад байна. Аялал, жуулчлалыг хөгжүүлэхийн тулд Засгийн газар, салбарын яамд удирдлага, менежментээ сайжруулах хэрэгтэй. Бидний зүгээс өөрийн ард иргэдэд Монгол Улсын хууль тогтоомж, зан заншлыг хүндэтгэх зэргийг сурталчлан таниулах хэрэгтэй. Жуулчид хүмүүжилтэй, мэдлэг, мэдээлэлтэй байвал энэ салбар илүү хөгжинө.

Хятадын ард түмэн КОВИД -19-тэй тэмцэж байна. Хятадын ард түмэн зовж буй энэ цагт Монголын төр засаг, иргэд биднийг ойлгож, тусламжийн гараа харамгүй сунгаж байгаад туйлын талархалтай байгаа. Энэ нь бидний Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа өндөр түвшинд хүрч байгаагийн, ард түмний ойлголцол, найрамдал бэхжиж байгаагийн тод илрэл хэмээн нандигнан үзэж байна. Энэ сайн хандлагыг бид цаашид хадгалахын төлөө ажиллах болно.


-БНХАУ-д монгол судлал ямар байдлаар хөгжиж байна гэж та үздэг вэ. Боловсон хүчнээ хэр бэлдэж байдаг вэ?


-Сүүлийн үед Хятад улсад Монгол судлал эрчимтэй хөгжиж байгаа. Энэ салбарыг хөгжүүлэх нь Монголын ард түмнийг танин мэдэх, ойлгоход туйлын чухал юм. Бээжингийн их сургууль,  ӨМӨЗО, Нийгмийн шинжлэх ухааны академи, Наньжинд Монгол судлалын төв, танхим байгаа. Эдгээр байгууллагууд хоёр улсын соёлын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байна. Өмнө нь зөвхөн Бээжингийн их сургуульд монгол хэл зааж байсан бол эдүгээ хүрээгээ улам бүр тэлж байгаа. ӨМӨЗО-ны Багшийн их сургуульд кирил бичиг заадаг анги бий. Бээжингийн Үндэстнүүдийн төв сургууль, Гадаад хэлний их сургууль, Жилин мужид хүртэл Монгол хэлний анги байна. Хэдэн жилийн дараа Монгол Улсыг мэддэг, монгол хэлээр ярьдаг хүмүүс олон болно.


-Монгол Улсад амьдарч буй гадаадын иргэдийн дийлэнхийг БНХАУ-ын иргэд эзэлдэг. Өнөөдрийн байдлаар БНХАУ-ын хэдэн иргэн Монгол Улсад албан ёсны зөвшөөрөлтэй амьдарч байна вэ. Ер нь БНХАУ-ын иргэд Монгол Улсад ажиллаж амьдрахад тулгардаг ямар саад бэршээл байна вэ?


-ГИХГ-ын дарга Д.Мөрөнгийн хэлснээр Монгол Улсад байнга оршин суудаг 1300 орчим, бизнес эрхэлдэг 1000 орчим хүн байна. Ирж очин байдагтайгаа нийлбэл 8000 гаруй бий. Би Замын-Үүдэд Ерөнхий консулаар сууж байхдаа тэнд амьдарч буй хятад иргэдтэй байнга уулзаж, Монгол Улсын хууль тогтоомжийн талаар лекц уншиж, зан заншлыг нь хүндэтгэхийг номлодог байлаа. Ингэхдээ ГХЯ, ГИХГ, ГЕГ, ТЕГ-ын удирдлагуудыг урьж оролцуудаг байсан юм. Монголын төрийн байгууллагууд ч их тусалдаг байсан. Ингэж байж хятад иргэдийг Монгол Улсын хууль дүрмийг дээдэлж, ард түмний зан заншлыг дээдлэх сэтгэлгээг суулгах юм. Ингэхгүй бол олон асуудал үүснэ.

Монголд Хятадын иргэд амьдрахад тулгарах саад бэрхшээл ховор. Гэхдээ сайны хажуугаар саар гэдэгчлэн асуудал мөн бий. Зарим тохиолдолд манай иргэд Монголын хуулийг зөрчих, зарим хөдөлгөөн манай иргэдийн эрхийг зөрчих тохиолдол гардаг. Энэ бүх асуудлыг шийдвэрлэхээр Монголын төрийн байгууллагуудтай хамтран ажиллана.



-Та 1986 онд Монгол Улсад анх томилогдон ажиллаж байсан. Тухайн үеийн Монгол Улс, монголчуудын талаарх сэтгэгдэл, бодол тань өнөөдрийнхтэй харьцуулахад ямар байсан бол?


-Анх 1986 оны хоёрдугаар сарын 25-нд ирснээ тод санаж байна. Галт тэргээр ирэхэд ЗХУ-ын Комуннист намын 27 дугаар их хурлын нээлтийг Монгол Улсад шууд дамжуулж байлаа. Улаанбаатарт анх ирэхэд байгаль, агаар сайтай, хүн ард нь сахилга баттай, хүмүүжилтэй орон байна гэж бодож байснаа тод санаж байна. Азийн цагаан дагина гэж хэлж болох хот байсан. Бидэнтэй харьцуулахад ард иргэдийнх нь аж амьдрал ч сайн байсан.


Монголчууд их цагаан сэтгэлтэй, тусархуу ард түмэн. Ирээд удаагүй байхдаа би зам сайн мэдэхгүй ч ЭСЯ-наас Улсын их дэлгүүр орохоор гарсан юм. Монгол хэл мэддэггүй байсан учир гудамжинд явж байсан хүмүүсээс асуусан ч ойлгуулж чадахгүй байлаа. Тэгээд нялх хүүхдээ тэвэрч явсан залуугаас зам асуухад хүүхдээ эхнэртээ өгч явуулчихаад, Улсын их дэлгүүрт хүргэж өгсөн нь одоо ч сэтгэлд тод байдаг.

2009 оны энэ үед би нутаг буцсан. 10 жилийн дараа эргэж ирээд Улаанбаатар маш хурдан хөгжсөнийг хараад гайхлаа. Улаанбаатар хот минь олон өндөр барилга,  хоршоо дэлгүүртэй орчин цагийн хот болж, олон улстай хөл нийлүүлэн хөгжиж байгааг харах сайхан байна.


- 2014 онд БНХАУ-ын дарга Си Жиньпин Монгол Улсад айлчлахдаа УИХ-ын индрээс их зохиолч Д.Нацагдоржийн “Миний нутаг” шүлгийг уншиж байсан. Харин таны хувьд монгол зохиолчдын ямар бүтээлийг шимтэн унших дуртай вэ?


-Манай улсад 1950 оноос эхлээд Монголын шилдэг зохиолуудыг орчуулж эхэлсэн. Тухайлбал, “Тунгалаг тамир” роман, “Жангар” тууж, Монголын шилдэг шүлгийн түүвэр зэргийг дурдаж болно. Одоо “Гэсэр” туужийг судлах ажил ид өрнөж байна. Хоёр улсын зохиолчдын шилдэг бүтээлийг харилцан орчуулж байгаа нь ард түмэн хоорондын найрамдлыг бэхжүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэж байгаа юм. 


-БНХАУ-д анх дэгдсэн шинэ төрлийн коронавирусний улмаас олон хүн нас барлаа. БНХАУ-ын төр засаг энэхүү вирусний тархалтыг зогсоох, эмчилгээний аргыг олох ямар ажил өрнүүлж байна вэ?


-Уханиас бусад мужуудад вирусний тархалтыг үндсэндээ хяналтад авч байгаа тул халдварын тоо буурч байгаа. Уханьд ч тодорхой хэмжээнд буурч байгаа нь бидний хийж буй ажлын үр дүн юм. Манай улсын төрийн тэргүүн энэхүү вирустэй тэмцэх ажлыг гардан удирдаж, орон даяар вирус тархахаас сэргийлэх, хянах нэгдсэн систем бий болгож, бүх нөөц бололцоогоо ашиглан цогц, хатуу арга хэмжээг авч байна. ДЭМБ-ын Эрүүл мэндийн дүрэм гэж бий. Манай улс энэхүү дүрмээс илүү чанга арга хэмжээг хэрэгжүүлж байгаа. Түүнчлэн ДЭМБ-аас бидэнд вирусний тархалтын үед хэрэгжүүлэх ажил, арга хэмжээг санал болгосон. Бид үүнээс илүү өргөн, хатуу арга хэмжээг авч байгаа. Энэхүү ажлын хүчинд дотооддоо вирусний тархалтыг хязгаарланж байгаагаас гадна бусад улсад тархахаас сэргийлж байгаа. Бусад улсад бүртгэгдсэн вирусний халдварын тохиолдол нийт өвчтөнүүдийн 1 хувьд ч хүрэхгүй.

Хамгийн олзуурхууштай нь Монгол Улсад нэг ч тохиолдол бүртгэгдээгүй. КОВИД-19 бол бидний өмнө тулгарч байгаа хатуу сорилт. Бид олон хүний амиар төлөөс төлж байгаа. Энэ маш хүнд гарц. Гэхдээ Си Жиньпин даргын удирдлага, Монголын ард түмний дэмжлэгээр энэ өвчнийг бүрэн дарна гэж итгэл төгс байгаа. Хятадад өөрийн гэсэн онцгой давуу талтай, Си Жиньпин дарга төвтөй нэгдсэн удирдлага бий. Томоохон зорилгын хүрээнд нийт иргэдээ дайчлах нийгмийн системийн давуу талтай. Хятадын ард түмэн өмнө байгаагүйгээр эв санаа нэгтэй байгаа нь оюун ухаан, сэтгэлийн тэнхээний хувьд ялж чадна гэдгийг харуулж байна.

Вирус тархсаны дараа бид нээлттэй, ил тод байдлыг хангаж, мэдээллийг цаг тутамд нийтэд хүргэж байгаа. Нууж, хаах юм нэг ч байхгүй. Хариуцлагатайгаар олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлж, шинжлэх ухааны судалгааг эрчимжүүлж байна. Богино хугацаанд вирусний генийн дарааллыг тогтоож, ДЭМБ болон бусад улс оронд танилцуулж, улмаар вакцин гарган авахын төлөө шургуу ажиллаж байна. Өвчин гарсны дараа Монголын төр, олон нийтийн байгууллагууд, иргэд бидэнд маш их сэтгэлийн дэм үзүүлж, гар сунган тусалж байгаа.


10 настай монгол охин Хятадын ард түмэнд захиа бичиж, халаасны мөнгөө хандивласныг бүх хятадууд мэдэх боллоо. Хятадын ард түмэн, тэр дундаа нийгмийн сүлжээнд монголчуудад баярласан, талархсанаа илэрхийлсэн сэтгэгдэл урд өмнө байгаагүйгээр хөвөрч, Монголд вирусний нэг ч халдвар бүү илрээсэй гэсэн байна. Энэ бол хоёр ард түмэн өмнө байгаагүйгээр ойлголцож, эв санаа нэгдэж байгаагийн илрэл.

Энэ өвчин зуурдынх тул намжих цаг бий. Намжсаны дараа энэ өвчинтэй тэмцэх үед бий болсон найрамдал, нөхөрлөлийг бататган хөгжүүлэхийн төлөө ажиллах болно. Бид Монголын ард түмний энэ их ачийг заавал хариулна.

Холбоотой мэдээ