Цагаан сараар хот хоорондын зорчих хөдөлгөөнийг хязгаарлана

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2020-02-20 14:24:59
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын Онцгой комисс /УОК/ өнөөдөр хуралдаж энэ сарын 23-27-нд аймаг, хот хоорондын хөдөлгөөнийг зогсоох шийдвэр гаргажээ. Энэ талаар УОК-ын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин танилцуулав. 


БНХАУ-д өргөн тэмдэглэсэн хаврын баярын үеэр халдварын голомт Ухань хотоос иргэд орон даяар шилжих хөдөлгөөн хийснээс вирусний тархалт нэмэгдсэн гэж шинжээчид дүгнэж байна. Тус баяраар БНХАУ-ын хэмжээнд 84 сая хүн шилжих хөдөлгөөн хийсэн байна. Үүнээс шалтгаалж өвчлөл 14 хоногийн хугацаанд 34 дахин хурдацтай нэмэгдсэнийг Хятадын холбогдох албаныхан хүлээн зөвшөөрчээ. Монголчууд үүнд сургамж авах шаардлагатай гэдгийг Шадар сайд Ө.Энхтүвшин сануулав.


Тэрбээр, “Сар шинийн баяр тохиохтой холбогдуулан УОК ойр ойрхон хуралдаж шуурхай шийдвэрүүдийг гаргаж байна. 13 аймгийн Засаг даргаас орон нутаг хоорондын зорчих хөдөлгөөнийг хязгаарлах санал ирүүлсэн. Энэ саналыг харгалзан улс, хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг Цагаан сарын битүүн буюу 23-ны өдрийн 08.00 цагаас шинийн 4-н буюу 27-ны өдрийн 08.00 цаг хүртэл хязгаарлахыг ЗТХ-ийн сайдад даалгалаа” хэмээв. Уг хориг нь автобус, галт тэрэг, автомашинд хамаарах ч уул уурхайн захиалгат нислэгт хамаарахгүй аж.


Мөн хуралдаанаар, гуравдугаар сарын 2-ныг хүртэл зогсоогоод байгаа нүүрс, газрын тосны тээврийг үлдсэн хугацаанд хэвийн явуулах бэлтгэл хангаж ажиллахыг холбогдох сайд, дарга нарт үүрэг болгосон байна. Ингэхдээ, жолооч нарын халдаргүйтгэл, аюулгүй ажиллагааг хангахыг даалгажээ. 

Холбоотой мэдээ