Хүнсний хомсдол үүсэхгүй гэдгийг дахин мэдэгдэв

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2020-02-14 17:46:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинэ коронавирусний халдварын эрсдэлтэй байгаа энэ үед манай улс стратегийн хүнсний хэрэгцээгээ бүрэн хангах нөөцтэй байна.

Мөн гадаадаас авдаг импортын хүнсээр ч тасалдахгүй хангах боломжтойг гаалийн байгууллага мэдэгдэж байна. Тиймээс хиймэл хомсдол үүсгэж, үнэ хөөрөгдүүлэхгүй байхыг ХХААХҮЯ, ШӨХТГ зэрэг холбогдох байгууллагаас анхааруулж байна.

Анх БНХАУ-ын Ухань хотод коронавирусний өвчлөл гарч хөл хорио тогтоох үед манай улсын зарим иргэн хүнс нөөцөлж, дэлгүүр, худалдааны төв хоосорч буй мэтээр нийгмийн сүлжээгээр мэдээлсэн нь зарим бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдэхэд хүргэсэн. Тэгвэл салбарын яам ХХААХҮЯ манай улсын хүн амын голлох, стратегийн хүнс болох гурил, мах, шингэн сүү, хүнсний ногоогоор дотоодын хэрэгцээг бүрэн хангах боломжтой тул хүнс нөөцлөх шаардлагагүйг нийтэд мэдэгдэж байсан. 


Коронавирусний өвчлөлийн эрсдэлгүй бүсийн улс орнуудаас импортоор бараа, бүтээгдэхүүн авах боломжтой, энэ талын зохицуулалтыг хийж буй учир манай улсад хүнсний хомсдол үүсэхгүй.


Манай улс импортоор авдаг элсэн чихэр, цагаан будаа, ургамлын тосыг БНХАУ болон Зүүн өмнөд Азийн орнуудаас ихэвчлэн урд хөршийн Тянжиний боомтоор дамжуулан авдаг. Тиймээс урд хилээ хааж байгаа ч дээрх импортын хүнсний барааг ОХУ болон БНСУ, Казахстан, Беларусь, цаашлаад Турк, Герман, Европын орнуудаас авах боломжтойг Гаалийн ерөнхий газраас мэдэгдэж байна. 

Шинэ коронавирусний өвчлөлтэй холбогдуулан дэлхийн олон орон хөл хорио тогтоон урьдчилан сэргийлж байгаа ч манай улсын хүнсний хүнсний хомсдол үүсэхгүй гэдгийг ХХААХҮЯ дахин мэдэгдэж байна. Нөгөө талаар нийслэл, хот, суурин газруудын хүнсний бараа, бүтээгдэхүүний худалдааны төв, захуудыг албан ёсоор хаагаагүй, мөн орон нутгийн замууд чөлөөтэй, зорчих хөдөлгөөнийг хязгаарлаагүй тул иргэд хүнс нөөцлөх шаардлагагүй. Дээр нь эрсдэлгүй улс орнуудаас импортоор бараа, бүтээгдэхүүн авах боломжтой, энэ талын зохицуулалтыг хийж буй юм байна. 

Б.Болд


Холбоотой мэдээ