Ч.Ганбат: Мэргэшил, хөдөлмөрийг маань "арын хаалга"-гүйгээр шүүсэн

Монголын мэдээ | Спорт
192@montsame.mn
2020-02-13 16:52:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоо (AIPS)-ны "Алтан агшин" дэлхийн уралдаанд "Уурга шүүрлээ" бүтээлээрээ хүрэл медаль хүртээд эх орондоо ирсэн Монголын Спортын сэтгүүлчдийн холбооны гишүүн, гэрэл зурагчин Ч.Ганбаттай ярилцлаа. 

-Эх орныхоо нэрийг олон улсад гаргасанд баяр хүргэе. Энэ удаагийн амжилт тань мэргэшиж хөдөлмөрлөсний тань үр дүнг харууллаа гэж бодож байна? 

-Гэрэл зураг бол одоо миний мэргэшил болсон. Анх би 1990-ээд онд сонирхогч, хоббигоор эхэлсэн. Тэгээд 85 жилийн түүхтэй Монголын гэрэл зураг гэдэг их айлын босгыг давж орж ирсэн юм. Спортын гэрэл зургийг 20-иод жил авч байна. Сүүлийн 10 жил ихэвчлэн олон улсын тэмцээнүүдийг сурвалжилсан. Өнөөдөр энэ түвшинд хүрснээ мэргэжлийн гэрэл зурагчин болсон гэж хэлж болох байх. Найз нөхөд маань хүртэл намайг тэгж үнэлдэг. 


Миний хувьд, сая болсон 125 орны гэрэл зурагчин оролцсон тэр олон бүтээлээс гуравт үлдэнэ гэдэг нь том амжилт. Энэ бол нэг зүйлээ дагнасны үр дүн. Юм юм руу ороод байгаа нь буруу зүйл гэсэн үг биш. Тэдгээрээс аль нь чиний болон бусдын амьдралд илүү үлдэцтэй байх вэ гэдгийг бодох хэрэгтэй. Жишээ нь, хэвлэлийн гэрэл зургийн хувьд үе үеийн сайн гэрэл зурагчид ажиллаж ирсэн МОНЦАМЭ гээд их том түүхтэй байгууллага байна. Танай Б.Чадраабал гэхэд сурвалжлагаар дагнасан, хэвлэлийн гэрэл зургийг сонирхолтой өнцөгөөр, агшинг авдаг гэх мэтчилэн мөн шувууны зураг авдаг Л.Жаргал, байгалийн зураг авдаг Д.Октябрь ч гэдэг юм уу, сайн мэргэшиж хүлээн зөвшөөрөгдөж буй залуус олон байна. Энэ нь тухайн салбар хөгжиж буйн нэг илрэл юм. 


-Таны зургуудыг их үзэж байсан. Олимп, наадам, Монгол зан заншил гээд. Ийм түвшинд хүрнэ гэдэг амаргүй. Жишээ нь, наадмын талбай руу орно гэдэг өндөр даваа шүү дээ. Тэр хэмжээнд анх яаж хүрч байв? 

-Анх үндэсний бөхийн зураг авч спортын гэрэл зурагчин болж байсан. "Таван цагариг сонин"-ыхоо мандатаар эхлээд ордог байлаа. Цагдаа нарын ар өврөөр орж, наана цаана нь гүйж аргалж байж хэдэн зураг авдаг байлаа. Тэгээд л эхний шалгуур бол мандат гэдэг чухал юм байна, үүний төлөө ажиллах ёстой юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд Монголын сэтгүүлчдийн холбоонд гишүүнээр элсэж, дараа нь үндэсний наадмын эрх авч байлаа. Ногоон дэвжээ рүү орно гэдэг бөхийн зураг ойроос авна. Тухайн үеийн техник хэрэгсэл гэдэг чинь юу билээ. Ойроос зураг авна гэдэг бол сайхан зурагтай үлдэж байгаа хэрэг.

Тэгээд хүн зорилго тавиад түүндээ хүрэхээр шат ахихыг хүснэ. Ингээд амьдралын хүсэл тэмүүлэлтэй болдог юм байна билээ. Дараагаар нь олон улсын тэмцээнд явж үзэх юмсан гэж боддог болсон. Ямар ч байсан Азийн наадам гэж болдог юм байна. Төрлөөр нь ангилж шалгаруулдаг юм байна гэдгийг мэдсэн. Үүнд хөтөлж оруулсан хүн гэвэл яахын аргагүй Олимпын аварга Н.Түвшинбаяр юм. 


Бид хоёр 2009 оноос хойш сайхан нөхөрлөж явна. Манай хүн бол надад олон улсын тэмцээнд явах мэдээллийг өгч анх Гуанжугийн Азийн наадамд явж байсан. Мөн 2011 онд Дэлхийн аваргын тэмцээнд Парис руу, 2010 онд Токио руу явж байв. Анх Лондоны Дэлхийн аваргын тэмцээнд явж байхдаа олон улсын гэрэл зурагчдын камер, хэрэгслийг харж юу юу шаардлагатай байдгийг мэдэж авсан. Спортын зурагчдын хамгийн дээд цэг нь олимп байдаг юм байна. Олимпын зураг авчихвал боллоо гэсэн хүсэл мөрөөдөлтэй болж байсан.

-Ховор зураг, ховор агшин гэж байдаг. Жишээ нь, Д.Хадбаатар аваргын сонин зураг их байдаг. Түүн шиг танд өөрийн хайрладаг, дахин давтагдашгүй ямар зураг байдаг вэ?

-СГЗ Даваасамбуу гуай Хадаа аваргын зургийг дагаж явж их авсан байдаг. Тэгж ховор, гоё кадрыг аваагүй бол Хадаа аварга гэж хэн гэдгийг хүмүүс мэдэхгүй өнгөрч магадгүй. Одоо үеийн залуучууд бараг дүр зургийг нь ч мэдэхгүй өнгөрөх үе. Тиймээс гэрэл зургийн агуу мөн чанар нь энд л байгаа юм. Түүн шиг надад яг энэ гэж онцлоод байх юм байхгүй. Зураг болгон түүх болж үлддэг.

Спортын зургаас гадна төрийн тэргүүний зургийг сүүлийн 10 жил авч байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын цоохор дээлийг монгол хүн бүр мэддэг болсон. Тэр зурагт гарсан цоохор дээл моод болсон. Энэ бол миний авсан зураг гэж би өөрөөрөө бахархдаг. Хүндээ биш, тэр зураг Монголын ард түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн, бүх ард түмний мэддэг зүйл болчихсон. Зураг брэнд болж болно гэсэн үг. 

-Шагнал хүртсэн, гайхалтай зургийн тань талаар ярихгүй, асуухгүй өнгөрч болохгүй. Ер нь энэ тэмцээнд ямар шалгуур тавьдаг вэ? 

-Тэр том ёслолд ийм том амжилт гаргана гэдэг бол Ганбат гэхээсээ илүү Монгол гэдэг нэр гарч байгаа юм. Гэрэл зургийн хувьд миний сэдэв: Монгол ахуй, Монголын спортын нэгэн төрөл. Тэр агшныг авна гэдэг бол эх орноо дэлхийд сурталчилж байна гэсэн үг. Энэ бол бидний ажил онцлог.  

Зургийн хувьд энэ бол нэг талаасаа спорт наадам. Адуучид уургыг нэг шүүрэлтээр авдаг. Авч чадаагүй бол хасагддаг. Яг ийм зургийг олон хүн авдаг. Гэхдээ ихэвчлэн холоос. Миний зураг 20-30 см зайнаас авсан. Адуу давхиж байх үедээ байнга доод талаа мэдэрч явдаг. Хэзээ ч чулуу өшиглөдөггүй, тарваганы нүхэнд үлийнд хөлөө хийдэггүйг тооцож аппаратаа байрлуулсан. Хөх тэнгэрээ гаргаж, алслалт гээд бүх зүйлийг тооцоолж байж авсан. Түүгээрээ илүү онцлогтой болсон байх. Энэ зургийг Төв аймгийн Лүн суманд авсан юм. 


Олон улсын тэмцээний шалгуурын хувьд мэргэжлийн талаас олон зүйлийг харгалздаг. 30 гаруй шүүгчийн бүрэлдэхүүнтэй, манайхны хэлдгээр тэр аваргуудаас хэн нь тэргүүлэх нь мэдэгдэхгүй, ёстой ямар ч "арын хаалга"-гүйгээр шударгаар шүүдэг тэмцээн болдог. Миний дараа дөрөвт орсон бүтээл гэхэд Францын алдартай зурагчны зураг байсан. Удаалаад Герман, Австрийн зурагчид байсан. Нэг ёсондоо энэ олон улсын тэмцээн миний мэргэшил, хөдөлмөрийг маань "арын хаалга"-гүйгээр шүүсэн гэж хэлж болно.


Онгирч байгаа юм биш. Бас монгол хүний ген байна. Аливааг харж цээжлэх чадвар гэдэг ч юм уу, бас аз хийморь байгаад байгаа юм шиг. Жишээ нь, энэ жил дэлхийд “Хү” хамтлаг гайхуулж байна. Монгол хөгжим, рок хоёр нийлж дэлхийд дутагдаад байсан зүйлийг гаргаж ирж олны анхаарлыг татна гэдэг бол монгол хүний хувь заяа. Мөн монгол хүний дэлхийд үзүүлж байгаа ой тогтоолын амжилт гэдэг бол эрт дээр үеэс цусанд буй ген юм. Тэр нь салбар салбартаа нөлөөлдөг. Үүнийг бол аз түшнэ ч гэнэ. 

Б.Болд, П.Хүслэнтуяа

Гэрэл зургийг Б.Чадраабал


Холбоотой мэдээ