Түрэг төрийн дээдэс ба туркууд

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2020-02-13 10:25:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 552 онд үүссэн Түрэг овогтны төр хэний төр вэ, Өнөөгийн Стамбулын туркуудын дээдсийн төр юм уу, өнөөгийн монголчуудын дунд байгаа алтайчуудын дээдсийн төр үү гэдэг асуултыг эх сурвалж судлаач С.Сэргэлэнд тавив. Тэрбээр, "Түрэг төрийн түүхийг монгол эрдэмтэд зөвлөлтийн багш нарын сургаалаар бичсэн. Монголчуудын албан ёсны түүх нь эх сурвалжуудтай нийцэхгүй буюу хол зөрж байна" гэж мэдэгддэг юм.


-Түрэг төр түүхийн үндсэн эх сурвалжуудыг судалж, харьцуулахад ямар дүр төрх гарч ирдэг вэ?


-Эх сурвалж судална гэдэг нь тухайн түүхэн үетэй холбоотой эхний эх сурвалжуудыг өгүүлж, хэлж өгдөг. Дунд орон (дундад иргэн улс)-ы үе үеийн төрийн 24 баримтжуулсан түүх байна. Тэнд тэдний умар (өмнө)-д орших манай өвөг дээдсийн түүх бие даасан шастир хэлбэрээр бичигдэн үлджээ. Дунд орны дараагийн төр нь урьдах төрийнхөө түүхийг бичдэг. Түүхээ  тэд ингэж бичдэг дэгтэй юм байна. Үе үеийн төр нь бичин үлдээж буй түүхээ хожим дэлхийн нийтийн хүртээл болно гэж огт зүүдлээгүй байх. Тэд зөвхөн дотоод хэрэглээндээ ашиглана гэж тооцож байсан нь ажиглагддаг. СИЭ ТББ Дунд орны “Умард Төрийн Түүх” бичгээс Түрэг Тэлэ шастирыг эх хэлнээ толмочлов (толь болгов буюу хөрвүүлэв. Хэлэмгий доломгай гэж харь хэл рүү болон хэлнээс орчуулдаг нэгнийг өгүүлнэ). “Хуучин Тан төрийн бичиг”-ээс Түргийн шастир дээд, Түргийн шастир доод, Уйгур шастир, Бэйди шастир, Баруун орон шастирыг мөн эх хэлнээ толмочилсон (хөрвүүлсэн). Манай өөрсдийн эх сурвалж бол Тоньюйкук, Билгэ хаан болон Гол тигэн хадан бичээс болно. Эдгээрийг эх хэлнээ амжилттай сэргээж байна. Эдгээр эх сурвалжаар VI-VIII зууны Ашна овгийн байгуулсан Түрэг төрийн үүх түүхийг тов тодорхой сэргээх боломж байна.


- Түрэг төрийг үүсгэгч Ашна овгийн гарлыг эх сурвалжаас хэлж өгөх боломжтой юу?


-Ашна овгийн гарал үүсэл гэхээр Баруун далай буюу Хөх нуураас үүдэлтэй. Харин Ашна овгийн дээдсийн тухай баримт байна. Энэ удаа хялбар тайлбар хийх нь зөв байх. Нийтийн тоолол (НТ)-ын  48 оноос НТ 158 оны хооронд Хүннүгийн умард хэсэгт буюу өнөөгийн Саяаны нуруунд Суо улсын төрийг барьж байжээ. Тэдний аймгийн ихсийг А Бан Бу гэнэ. Өнөөгийн Хакасын нутаг Абакан гол нь Енисей мөрөн рүү цутгана. Тэд Абакан, Енисей мөрний саваар нутаглаж байжээ. А Бан Чүэ мэт ухаан мунхаг нэгнээс болж улс нь мөхсөн. Тэд Саяаны өндөрлөгөөс Алтайгаа уруудаад Хөх нуурт очжээ. Энэ нутаг нь өнөөгийн Хакас Тувагийн нутаг байгаа юм.


-Ойрдын дээдэс мөн энэ нутгаас гарал үүсэлтэй юу?


-Яг тийм. Судрын чуулган номдоо Рашид Ад дин Ойрдын газар ус Сэкиз [Найман] мөрөн. Эрт эдгээр голын саваар Түмэт овог оршиж байжээ. Найман мөрөн нийлээд Кэм болно. Кэм Ангар мөрөн рүү цутгана. Кэм нь өнөөгийн Енисей мөрний эх. Енисей Ангар мөрөнтэй нийлнэ. Ойрдын газар ус нь Енисей болон Енисей мөрөн Ангар мөрөнтэй нийлэхээс өмнө Енисей мөрөн рүү цутгах бүх голын сав юм билээ. Хэл нь монголчуудтай ижил боловч бага зэрэг зөрүүтэй. Уг газар ус өнөөгийн Тува, Хакасын нутаг шүү дээ. Халх (өнөөгийн)-ууд Кидан тоотой хүн хэл (хүннү хэл сурв)-ээр өгүүлнэ. Тува (өнөөгийн)-чууд Хүн тоотой хүн хэлээр өгүүлнэ. Аялгын зөрүү бий. Сыма Цянь “Түүхэн тэмдэглэл ном”-доо НТӨ I зуунд Линху буюу Ойн ху гэж өгүүлжээ. Энэ нь Ойрд буюу энэ нутгийг өгүүлж байна. Тэгэхээр Ашна овгийн дээдэс Ойрдын дээдэстэй нэг эхтэй болж байна.


- Ашна овог нь Хөх нуурт үүсжээ. Тэд Хөх нуурын хүмүүстэй холилдоод 500 өрх Алтан ууланд очиж Ро рангийн төмрийн албад болжээ гэж Умард төрийн түүх Түрэг Тэлэ шастирт өгүүлсэн тухай та ярьсан. Энэ талаар тайлбарлах уу?


-Ашна овгийн дээдэс хэзээ Саяаны өндөрлөгөөс Хөх нуурт очив гэдгийг эх сурвалжаар тодорхойлох боломж одоохондоо байхгүй. Гэхдээ II зууны дундуур болов уу гэсэн таамаглал дэвшүүлэх боломжтой. Тэд орон нутгийнхантай холилдон хоёр зуун жил болсны дараа IV зууны сүүл, V зууны эхээр Эсянь гэгч хүн 500 өрхөө дагуулан Алтан ууланд очиж Ро ран төрийн төмрийн албад болсон түүхэн баримт бий. Мал ахуйтны өрхийн тоо нь нэг өрхөд 5-7 хүн ногдоно. Тэгэхээр 500 өрх гэдэг нь нийт 2500 хүн болно. 552 онд Ашна овгийн Түрэг төр нь Этүгэн (одоогийн Хануй, Хүнүй, Туул, Сэлэнгийн сав газар бөгөөд мал ахуйтны нийслэл, хэл соёлын төв сурв)-д ирж төрөө байгуулсан. 2500 ашначууд өсөөд өсөөд 150 жилийн дотор 8000 болно. Тэд уг хугацаанд 10 000 болж  чадаагүй. Ашна овгийн хүн ам 552 онд нийт Этүгэнчүүдийн хүн амын 5 хувиас хамаагүй доогуур байсан гэж үзэж болно.


-Түрэг төр нь Этүгэн (Хануй, Хүнүй, Туул, Сэлэнгийн сав газар)-д 552 оноос 742 он хүртэл дундаа 53 жилийн завсартай нийт 138 жил төр барьсан гэж та хэллээ. Тэд ер нь бие даасан үндэстэн мөн үү, тэд ямар хэлээр ярьдаг байсан бэ?


-“Хүннүгийн өөр угсаа болох магадалтай. Овог нь Ашна болно. Хойно нь хөрш улстаа дарагдаж тэдний угсаа мөхөв” гэж “Умард төрийн түүх Түрэг Тэлэ”-д бичжээ. “Хүннүгээс өөр” гэдэг нь Хүннүд хамаарагдах боловч тэдний шууд угсаа биш гэсэн утга санаа. Ашна нь Хүн хэлээр өгүүлнэ. Этүгэнд ирээд Тэлэ аялгаар ярьдаг болсон. Үүнийг манай хадан бичээс нотолж байна. 500 өрх үндэстэн болохгүй. Хөх нуурт очоод тэд нутгийн хүмүүстэй мөн холилджээ. Хүн амын үнэмлэхүй дийлэнх нь VI зуунд Тэлэ нэр, VIII зуунд Уйгурууд байсан. Уйгур нь Тэлэгийн хойчис бол мөн.


-Этүгэнд Түрэг төр 742 онд мөхсөн бол өдгөөгийн Казахстан, Киркиз, Узбекистан, Туркмени газар ус болох Үсүньд Түрэг төр 703 онд мөхжээ. Түрэг төрийн томчууд хаашаа дайжсан байж болох вэ?


-Үсүньд Түрэг төр 703 онд мөхсөн гэж яг таг хэлэх боломжгүй. Учир нь эх сурвалжид ингэж бичээгүй. Хоёулаа эх сурвалж харъя: “Чу хунгийн оноос (688 он) хойш, арван овогт аймгийг Мо чо олон удаа халдан түрэмгийлснээр үхэж дуусав. Ху би лог дагасан нь зургаа долоон түмэн хүн байлаа. Дотор газар нүүв. Баруун Түрэгийн Ашна овог уг тасрав” гэж “Хуучин Тан төрийн түүх. Түргийн шастир доод”-д бичжээ. Мо чо буюу Акм хаан нь 704 онд Баргын нутагт бий болсон иргэдийн бослогыг дараад тэндээ өөд болсон. Арван овогтон 700-703 оны үе үгүй болжээ гэж одоогоор  бид (СИЭ ТББ) таамаглал дэвшүүлж байна. Баруун Түрэг төрийн эрх баригчид Тан төрийг дагажээ. Дахин нэг эх сурвалж сөхөхөд: “Баруун шагийн эхнэр болон Мо чогийн ач Бо дэ зи тэ лэ, Билгэ хааны охин Да ло гүнж, А бо сы Же ли фа нар харьяат аймаг олноо дагуулан хойно хойноосоо ирж дагав. Таян баогийн анхдагч оны (742 он) найман сар. Дагсан Ху нар нийслэл хотод ирэв. Дээдсээс урьдаар Тай сүмд бараалхаж, дараа нь ордог харшид уулзаж, ахиад Хуа э асарт дайлна гэв. Дээдэс шүлэг уянгалж тэр хэргийг тэмдэглэв” гэж “Хуучин Тан төрийн түүх. Түрэг дээд” шастирт бичжээ. Түрэг төрийн эрх баригчид цөөхөн хэдэн харьяатаа аваад Тан төрийг дагасан. Түүхэн эх сурвалжууд ингэж хэлээд байна даа.


- Стамбул (өнөөгийн)-ын туркууд манай Түрэг төрийн өвөг, дээдэстэй түүхэн ямар хэлхээ, холбоо байдаг юм бэ?


-Түүхэн талаасаа огт холбоогүй гэдгийг түүхэн эх сурвалжууд нотолж байна. Хэл талаасаа бүр хамаагүй гэдгийг манай Гол тигэн, Билгэ хаан, Тоньюкук болон бусад бичээс хөдөлшгүй, эргэж буцалтгүйгээр баталдаг. БНТУ-ыг 1923 онд байгуулсан юм. Энэ бол Үсүнь дэх улс аймгуудыг араб, персийн ертөнц Турк гэж нэрлэсэн юм билээ. Энэ бол шал өөр түүх. Түүхийн тодорхой цаг үеийг хамрах энэ сэдвээр дэлгэрэнгүй ярьж болно. 

Холбоотой мэдээ