Замын хөдөлгөөнд оролцогч автомашинуудад хяналт шалгалт хийж байна

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2020-02-11 15:58:32

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Замын цагдаагийн тасгаас “Бүрэн бус тээврийн хэрэгсэл-Оношилгоо” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж байна. Үүний хүрээнд Өндөрхаан-Баруун-Урт чиглэлийн А/2001 дугаартай авто замд хяналт шалгалтыг эрчимжүүлж, техникийн бүрэн бүтэн байдал, ачаа тээвэр болон хүн тээвэрлэх үйл явцад хяналт шалгалт хийж байна.

Улмаар гурван цагт 50 орчим тээврийн хэрэгсэлд шалгалт хийхэд 20 гаруй зөрчлийг илрүүлжээ. Тодруулбал, орон нутгийн замд хурд хэтрүүлэх, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцох, хүн болон ачааны даац хэтрүүлэх, хамгаалалтын бүс бүслэхгүй байх зэрэг зөрчлүүд илэрчээ.


Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын даргын өгсөн үүрэг, ажлын чиглэлийн хэрэгжилтийг хангах зорилгоор дээрх арга хэмжээг явуулж байгаа аж. Цаашид дахин дээрх замд болон Алтан овоо, Шилийн богдын замд явуулын пост ажиллаж, хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллана гэлээ.

Мөн жолооч нарыг орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо хурдыг зөвшөөрөгдсөн хязгаараас хэтрүүлэхгүй байж, хамгаалах бүсээ тогтмол хэрэглэж хэвших, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангаж анхаарал болгоомжтой зорчихыг санууллаа.

Холбоотой мэдээ