Ш.Эрдэнэжаргал: Тусгаарласан иргэдийн биеийн байдал хэвийн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2020-02-11 13:46:39

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтоор орж ирсэн 27 иргэнийг тусгаарлаад байгааг бид өмнө нь мэдээлсэн. Тухайн иргэдээс коронавирусний халдварын сэжигтэй 12 иргэнээс сорьцын шинжилгээ авч ХӨСҮТ рүү явуулсан байгаа аж. 

Эдгээр иргэдийг албан ёсоор тээвэрлэн авч ирсэн бөгөөд тэдний 11 нь зорчигч, 16 жолооч байгаа юм. "Өчигдөр орж ирсэн 27 иргэн одоо тусгаарласан байранд, биеийн байдал сайн байгаа" гэж Ханбогд сумын Засаг дарга Ш.Эрдэнэжаргал мэдэгдлээ.   

Хилийн боомтоор гарах нүүрс тээврийг бүрэн зогсоосон. Харин Оюутолгойн зэсийн баяжмалын цуваа хилийн боомтоор өмнөд хөрш рүү гарч байгаа аж. Гашуунсухайт боомтоор зөвхөн монгол иргэдийг нааш нь нэвтрүүлж байгаа юм байна. Энэ сарын 10-нд 170 орчим монгол жолооч урд хөрш рүү гарсан бөгөөд тэд өнөөдөр эргэн орж ирж байгаа аж. 

Холбоотой мэдээ