БНСУ-ын Ерөнхийлөгч “Шимэгч” киноны хамт олонд баяр хүргэжээ

Дэлхийд | Соёл урлаг
ayanzaya@montsame.gov.mn
2020-02-11 10:11:33

СӨҮЛ. /РИА Новости/. БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин “Шимэгч” уран сайхны киноны жүжигчдийн бүрэлдэхүүн, зураг авалтын баг хамт олонд Оскарын шагнал хүртсэнд нь баяр хүргэжээ.


АНУ-ын кино урлагийн академийн 92 дахь удаагийн шагнал гардуулах ёслол ням гарагт Лос-Анжелес хотод болсон юм. БНСУ-ын найруулагч Бон Жун Хогийн “Шимэгч” уран сайхны кино “Шилдэг кино” төрөлд Оскарын шагнал хүртсэн бөгөөд энэ үйл явдал нь гадаад кино гол шагналыг хүртсэн анхны тохиолдол болсон юм. “Шимэгч” кино нь “Шилдэг найруулагч”, “Шилдэг эх зохиол”, “Гадаад хэл дээрх шилдэг кино” төрлүүдэд мөн Оскарын шагнал хүртсэн билээ.


“Шимэгч” кино солонгос хэв маягийг шингээсэн түүхээрээ дэлхий дахины сэтгэлийг хөдөлгөж, өвөрмөц нарийн найруулга, гүнзгий утга агуулга, зохиол, эвлүүлэг, дуу, жүжигчдийн ур чадвараа дэлхийд батлан харууллаа. Кинонд хөгжилтэй үйл явдал өрнөхийн зэрэгцээ уйтгартай үйл явдлуудыг давхар харуулах бөгөөд нийгэмд хандаж шинэ мессеж хүргэхийг зорьсон сайхан уран бүтээл болсон” хэмээн тэрбээр мэдэгдэлдээ дурджээ.  

Холбоотой мэдээ