"Бадрах Энержи" ХХК Дорноговь аймагт 600 сая төгрөгийн тусламж үзүүлэв

Монголын мэдээ | Боловсрол
ariunbold@montsame.mn
2020-02-11 12:47:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Франц-Монголын хамтарсан "Бадрах Энержи" ХХК Дорноговь аймгийн Улаанбадрах сум, Сайншанд сумын Зүүнбаян багт 2019 онд 600 гаруй сая төгрөгийн хандив тусламж үзүүлэв.


Компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд "Бадрах Энержи" компани зөвхөн боловсролын салбарыг хөгжүүлэхэд зориулж Дорноговь аймгийн Улаанбадрах сум, Сайншанд сумын Зүүнбаян багт  405 сая төгрөгийн өртөгтэй хэд хэдэн төсөл хэрэгжүүлсэн нь мөнгөн дүнгээрээ хандив тусламжид зориулсан хөрөнгийн гуравны хоёртой тэнцэж байна.



Тухайлбал, Улаанбадрах сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байр, хүүхдийн цэцэрлэгийн иж бүрэн засвар, Зүүнбаян багийн ерөнхий боловсролын сургуулийн гадна талбайн тохижилтын ажлыг санхүүжүүлсэн байна. 


Улаанбадрах сумын дотуур байр нь 60 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай бөгөөд энэ хичээлийн жилд 45 хүүхэд дотуур байранд амьдарч байна.



Энэ талаар Улаанбадрах сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Н.Намжилсүрэн ярихдаа “Бадрах Энержи компани бидний ажлыг их дэмждэг. Үүний хүрээнд сургуулийн дотуур байрыг 164 сая төгрөгөөр засварлаж, сурагчдад ая тухтай орчинд амьдрах боломж бүрдүүллээ. Мөн тус компани анги танхим тохижуулж, багш, сурагчдыг төрөл бүрийн тэмцээн уралдаанд оролцох боломжийг бүрдүүлж фургон автомашин бэлэглэж байсан” гэв.



Улаанбадрах сумын цэцэрлэгийн эрхлэгч Б.Дөлгөөн сэтгэгдлээ хуваалцахдаа “2014 оноос Бадрах Энержи компанитай хамтран ажиллаж байна. Өмнө нь цэцэрлэгийн гадна талбайн тоглоом, сургалт хүмүүжлийн бусад хэрэгслүүд хандивлаж, дээврийн засварын ажлыг хэрэгжүүлсэн. 2019-2020 оны хичээлийн жилд манай цэцэрлэгийг 97.5 сая төгрөгөөр засварласан. Ингэснээр хүүхдүүдийг ая тухтай орчинд сурч хүмүүжих боломж бүрдлээ. Бидний хамтын ажиллагаа цаашид үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээв.



Зүүнбаян багийн ерөнхий боловсролын сургуульд Улаанбадрах, Сайхандулаан, Хөвсгөл зэрэг сумын 400 орчим сурагч суралцаж байна. 2019-2020 оны хичээлийн жилд Бадрах Энержи ХХК-ийн хөрөнгө оруулалтаар сургуулийн гадна талбайг тохижуулжээ. Мөн өмнөх жилүүдэд хөлбөмбөг, гар бөмбөгийн талбайг шинэчлэн тоноглож, мэдээлэл зүйн ангийг орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангажээ.  



2018 онд Дорноговь аймгийн Улаанбадрах сум, Сайншанд сумын Зүүнбаян багтай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд боловсролын салбар төдийгүй соёл, урлаг, эрүүл мэнд, усны хүртээмж, хүн, малын эрүүлж мэндийг сайжруулах чиглэлээр хандив тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн юм. Үүний хүрээнд олон төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжүүлж байна.



Холбоотой мэдээ