Төрөлжсөн зах, худалдааны төвүүдийн үйл ажиллагааг түр зогсоолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-02-09 15:12:44

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймагт шинэ төрлийн коронавирусний халдварын сэжигтэй тохиолдол илэрсэнтэй холбогдуулан Арвайхээр сумын Засаг даргын захирамж гарч, төрөлжсөн зах, худалдаа, үйлчилгээний төвүүдийн үйл ажиллагааг өнөөдөр түр хугацаагаар зогсоогоод байна.

Захирамжийн хэрэгжилтэд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчид хяналт тавин ажиллаж байгаа аж. Мөн аймгийн Цагдаагийн газраас дөрвөн газарт хяналтын пост ажиллуулж, тээврийн хэрэгслээр зорчигдын биеийн халууныг үзэн гарыг ариутгаж, нэг удаагийн амны хаалтыг үнэ төлбөргүй өгч байгаа юм. Түүнчлэн халуун аарцаар үйлчилж байна.

Хэдийгээр гудамж, талбайд хөл хөдөлгөөн бага байгаа ч амны хаалт олдохгүй гэх шалтгаанаар иргэд зүүхгүй явсаар байгаа юм. Тиймээс Өвөрхангай аймагт хүүхдийн дүрэмт хувцас үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй “Топ зүүХХК-иас цэвэр даавуун материалаар нэг мянган ширхэг амны хаалтыг үйлдвэрлэж, иргэд, олон нийтэд үнэгүй тарааж байна.

Шинэ төрлийн коронавирусний халдвараар өвчилсөн байж магадгүй гэх сэжигтний биеийн байдал дунд түвшинд байгааг албаныхан хэллээ. Түүний шинжилгээний хариу өнөөдөр гарна. Одоогоор уг иргэний гэрийн ойр орчимд хөл хорио тогтоож, холбогдох байгууллагуудын алба хаагчид 24 цагаар ажиллаж байна.

Холбоотой мэдээ