Хонконгт хөл хорионы дүрэм хэрэгжиж эхэлжээ

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2020-02-08 10:13:32

ХОНКОНГ. /BBC/. Шинэ төрлийн коронавирусний тархалтыг хязгаарлах зорилгоор эх газрын Хятадаас Хонконгт ирсэн хүмүүсийг хоёр долоо хоногийн хөл хорионд оруулах дүрэм өнөөдрөөс хэрэгжиж эхэлжээ.


Уг дүрмийн дагуу эх газрын Хятадаас ирсэн хүмүүс өөрсдийгөө зочид буудлууд юм уу Засгийн газрын байгуулсан төвүүдэд тусгаарлах шаардлагатай бол Хонконгийн оршин суугчдын хувьд гэртээ очиж, гадуур гарахгүй байх ёстой ажээ. Шинэ дүрмийг зөрчсөн тохиолдолд торгох, хорих шийтгэл ногдуулна.


Амьсгалын замын цочмог халтай хам шинжийн /SARS/ улмаас 2002-2003 онд 300 орчим хүн нас барсан Хонконгт баасан гарагийн оройны байдлаар коронавирусний халдварын 26 тохиолдол бүртгэгдэж, уг вирусээр үүсгэгддэг уушгины хатгалгааны улмаас 1 хүн нас баржээ.


Хятадад өнөө өглөөний байдлаар коронавирусээр халдварласан хүмүүсийн тоо 34546 хүрч, нийт 722 хүн нас барсан бол эдгэрч эмнэлгээс гарсан хүний тоо 2050 хүрчээ. Мөн Хятадаас гадна 25 улсад коронавирусний халдвар бүртгэгдэж, нас барсан 1 тохиолдол Филиппинд бүртгэгдсэн байна. 

Холбоотой мэдээ