Эрдоган 1915 онд амиа алдсан армянчуудын төрөл төрөгсдөд эмгэнэл илэрхийлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-04-25 11:46:00

АНКАРА. /Anadoly/. 1915 онд Османы эзэнт гүрний үед болсон эмгэнэлт үйл явдлын ой тохиож байгаатай холбоотойгоор Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган амь үрэгдсэн армянчуудын төрөл төрөгсдөд эмгэнэл илэрхийлжээ.

1915 онд Османы Эзэнт гүрний үед армянчуудыг хоморголон устгасан билээ. Армянчууд энэ эмгэнэлт явдлын улмаас амиа алдсан хүмүүсийн дурсгалыг дөрөвдүгээр сарын 24-нд хүндэтгэдэг уламжлалтай.

“Үзэн ядалтыг ашиглан нийтлэг түүх, ижил төстэй уламжлалтай хоёр хөрш улсыг холдуулах, мөн түүхийг улс төржүүлэхийг зорьж буй хүмүүсийн үйлдэлд Турк улс энхтайван, найрамдал тогтоох хүчин чармайлтаараа хариу барина. Ийм бодолтойгоор би Османы эзэнт гүрний үед амиа алдсан армянчуудад дахин хүндэтгэл үзүүлж, тэдний  төрөл төрөгсдөд нь эмгэнэл илэрхийлье. Бид Османы эзэнт гүрний үед амиа алдсан армянчуудыг дурсан санасаар байх болно. Нэг мянга орчим жилийг хамтдаа өнгөрүүлсэн турк, армянчуудын соёлыг бид цаашид дурсан санасаар байх болно” гэж Истанбул хотын Кумкапы дүүрэгт оршдог Гэгээн эх дагина Мариягийн сүмд дурсгалын арга хэмжээ эхлэхийн өмнө армян хэлээр нийтэлсэн Эрдоганы илгээлтэд дурджээ.

Армянчуудыг хоморголон устгасанд буруутгадгийг Туркийн эрх баригчид няцаасаар ирсэн бөгөөд 1915 онд болсон эмгэнэлт явдлын үеэр армянчуудаас гадна туркчууд ч бас амиа алдсан гэж мэдэгддэг. Османы эзэнт гүрний үед армян үндэстнийг хоморголон устгасан гэдгийг хүлээн зөвшөөрөхийг Армен улс олон улсад уриалсаар ирсэн юм. Үүнийг маш олон улс орон, түүнчлэн Европын парламент болон Дэлхийн Сүм хийдүүдийн зөвлөл хэдийн хүлээн зөвшөөрсөн билээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ