Хятадад коронавирусний халдварын 3143 шинэ тохиолдол бүртгэгджээ

Дэлхийд | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2020-02-07 07:33:44

БЭЭЖИН. /Xinhua/. Хятад улсын мужийн түвшний засаг захиргааны 31 бүс нутагт пүрэв гарагт шинэ төрлийн коронавирусээр үүсгэгддэг уушгины хатгалгааны 3143 шинэ тохиолдол бүртгэгдэж, уг өвчний улмаас 73 хүн нас баржээ.


Үндэсний эрүүл мэндийн комиссын өдөр тутмын тайлан мэдээнд дурдсанаар, пүрэв гарагийн оройны байдлаар коронавирусээр халдварласан хүмүүсийн тоо 31161 хүрч, нийт 636 хүн нас барсан байна. Мөн коронавирусний халдвар авсан байх магадлалтай тохиолдлын тоо 26359 хүрч, биеийн байдал хүнд хүний тоо 4821 хүрчээ.


Үүнээс гадна эмнэлгээс гарсан хүний нийт тоо 1540 хүрсэн байна.


Пүрэв гарагт нас барсан хүмүүсийн 69 нь Хубэй мужид, 1 нь Жилиньд, 1 нь Хэнаньд, 1 нь Гуандунд, 1 нь Хайнаньд тус тус бүртгэгдсэн байна. Мөн тухайн өдөрт 962 хүний биеийн байдал хүндэрсэн бол 367 хүн эдгэрэн эмнэлгээс гарчээ.


Мөн вирусний халдвартай өвчтөнүүдтэй ойр байсан 314028 хүн тогтоогдсоноос 26762 хүнийг гэр лүү нь буцаасан бол 186045 хүн эмнэлгийн хяналтад байгаа аж. 

Холбоотой мэдээ