Зорилтот өрхүүдийн дотор зурагтгүй, гэрэл цахилгаангүй өрх байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-02-07 10:13:12

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас томуугийн тархалт ихсэх, шинэ төрлийн коронавирүсний халдвараас сэргийлж, хөл хорио тогтоосонтой холбогдуулан эцэг эх, асран хамгаалагчдын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж мэдээ, мэдээллээр хангах, зорилтот бүлгийн хүүхдүүдийн эргэлт хяналтыг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран хийж байна.

Хяналтыг Мөрөн сумын зорилтот бүлгийн 30 өрхөд хийж байгаа бөгөөд энэ үеэр өрхүүдийн дотор зурагтгүйн улмаас хичээл үзэх боломжгүй, мөнгөө төлж чадалгүй цахилгаанаа таслуулсан гэрэл цахилгаангүй айл өрхүүд байна. Эдгээр өрхүүдийн өмнө тулгамдаж буй асуудлыг нэн даруй холбогдох байгууллагуудад уламжилж шаардлагатай арга хэмжээ авна гэдгийг Хөвсгөл аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ч.Дашбаяр хэлж байлаа.

Тус байгууллага нь амьжиргааны түвшингээс доогуур орлоготой, гэр бүлийн гишүүн нь архины хамааралтай, хүүхдүүд нь эрсдэлийн даатгалд хамрагдсан 30 өрхийг тогтмол хяналтад авч ажиллаж байгаа гэнэ. Энэ удаа хяналт хийж өрхүүдэд өдөр тутмын хэрэглээ болсон ариун цэврийн багцын дэмжлэг үзүүлжээ.

Холбоотой мэдээ