УИХ-ын дарга Г.Занданшатар Элчин сайд Жалгас Адылбаевыг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-02-06 14:07:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Жалгас Адылбаевыг өнөөдөр хүлээн авч уулзав.


Элчин сайд Жалгас Адылбаев 25 жилийн дараа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийсэн албан ёсны айлчлал хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болсныг дурдлаа. Айлчлалын үеэр хэлэлцэн тохирсон гэрээ, хэлэлцээрт тусгасан асуудлыг бодит ажил хэрэг болгох чиглэлээр идэвхтэй ажиллаж байгаа бөгөөд Монгол, Казахстаны Засгийн газрын комиссын ээлжит VIII хуралдааныг энэ оны дөрөвдүгээр сард Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болсныг онцлов. Тэрбээр, "Мөн БНКУ-ын Ерөнхий сайд А.У.Мамин энэ оны тавдугаар сард Монгол Улсад айлчлахаар төлөвлөж байгаа бол Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ онд тус улсад айлчилна" гэлээ. Түүнчлэн 7 дугаар сарын 5-нд Нур-Султан хотноо болох “Бүгд Найрамдах Казахстан Улсын Анхны Ерөнхийлөгч-Елбасы Н.А.Назарбаевын манлайлал” сэдэвт олон улсын бага хуралд Монгол Улсаас өндөр, дээд түвшинд оролцоход дэмжлэг үзүүлэхийг УИХ-ын даргаас хүсэв.


УИХ-ын дарга Г.Занданшатар хоёр талын өндөр, дээд хэмжээний харилцан айлчлалуудыг тогтмолжуулж, эдийн засаг, худалдаа, аялал жуулчлал, соёл, хүмүүнлэгийн салбарыг хөгжүүлэх чиглэлээр анхаарах хэрэгтэй гэдэгт санал нэг байгаагаа илэрхийлээд парламентын зүгээс бүхий л талаар дэмжинэ гэв.


Элчин сайд Жалгас Адылбаев Казахстан Улс Абай Кунанбаевын 175 жилийн ой, Алтан Ордын 750 жилийн ойн баярыг тэмдэглэх гэж байгааг УИХ-ын дарга Г.Занданшатарт дуулгаад Монголын ард түмэнд удахгүй болох Сар шинийн баярын мэнд дэвшүүлэв.

Холбоотой мэдээ