Улаан хальст саримс нэрийн бүтээгдэхүүн болсон түүх
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан /МОНЦАМЭ/.Завхан аймгийн брэнд бол “Улаан хальст
саримс” юм. Тус аймаг энэ саримсны тариалалтыг нэмэх зорилгоор тариаланчдаа
дэмжсэн дэд хөтөлбөрийг боловсруулжээ.
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 3/01 тогтоолоор “Завханы улаан хальст саримс” аймгийн дэд хөтөлбөрийг хоёр үе шаттай хэрэгжүүлэхээр баталжээ. Тухайлбал энэ дэд хөтөлбөрийг 2013-2016 он, 2016-2020 он хүртэл хэрэгжүүлэхээр ажиллаж буй юм. Дэд хөтөлбөр нь “Завханы улаан хальст саримс”-ыг үржүүлэх, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа болон шинээр тариалах сонирхолтой аж ахуйн нэгж, иргэдийг дэмжих зорилготой юм.
Хөтөлбөрийн хүрээнд энэ онд 7.0 га хүртэлх талбайд тариалалт хийж, эрдэм
шинжилгээний байгууллага, эрдэмтэдтэй хамтран үрийн шинэчлэл хийх, аймгийн хүн
амыг эрүүл, экологийн цэвэр хүнсний ногоогоор хангаж гадаад дотоод зах зээлд
брэнд нэрээр нь таниулж худалдан борлуулахаар ажиллаж байна.
Хөтөлбөр хэрэгжиж
эхлэх үе буюу 2013 онд аймгийн 12 аж ахуйн нэгж, иргэн 2.5 га-д тариалалт хийж
3.5 тонн ургац хураан авч зах зээлд худалдан борлуулжээ. Харин хөтөлбөр
хэрэгжиж эхэлснээс хойш 2020 оны байдлаар давхардсан тоогоор Завханы 90 гаруй
тариаланч 8.7 га-д тариалалт хийж 15.8 тонн ургац хураан авсан байна. Үүнээс
харахад тариалах талбай 6.2 га-гаар хураан авсан ургац 12.3 тонноор тус тус
нэмэгдсэн нь дээрх хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаагийн тод жишээ юм.
Саримс хадгалах зориулалтын зоорины
хангалт сайн байгаа
“Завханы
улаан хальст саримс” аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд үрийн хангамжийг
сайжруулах зорилгоор Орон нутгийг хөгжүүлэх сангаас 30.0 сая төгрөгийн хөрөнгө
оруулалтаар 500 кг үрийн нөөцийг бэлтгэжээ.
Саримсны үрийг технологийн дагуу хадгалах аймгийн зоорины хангамжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд 15.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар таван тоннын багтаамж бүхий зоорийг шинээр байгуулаад байгаа аж.
Мөн “Монгол ногоо” төслийн хүрээнд 15.0
сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 10 тоннын багтаамж бүхий зоорийг хөтөлбөрийн
хүрээнд шинээр байгуулсан байна. Өнөөдрийн байдлаар тариаланчид саримсыг
зориулалтын зооринд хадгалж хэрэглэгчдэд чанар, амт нь шинээрээ нийлүүлж байна. Аймгийн хэмжээнд улаан хальст саримсыг хадгалах зориулалтын
зоорины хангалт сайн байгаа тухай аймгийн ХХААГ-аас мэдээлэв.
Саримс нь бактери устгах өндөр
чанартай бүтээгдэхүүн юм
Завханы улаан хальст саримсны “Улиастай сорт”-ыг тариаланч
Д.Волоож, Ш.Янжинханд нар батлуулсан байна.
Тус сортын биологи, аж ахуйн шинж чанар нь эрт болцтой, хүйтэнд тэсвэртэй, хумс нь таваас найман хэмд ургах бөгөөд 18-20 хэмд тохиромжтой ургадаг. Харин булцуулах хүртэл ус чийг нэлээд шаарддаг. Тариалалтыг горимынх нь дагуу зөв тариалж арчилснаар арвин ургац өгдөг бөгөөд 20-40 ц/га ургац өгнө. Хадгалалт тээвэрлэлт сайн даадаг. Ааг сайтай, булцуундаа 36.6-39.6 хувийн хуурай бодис, 22.6-28 хувийн сахар,7.5мг хувийн витамин С агуулдаг ажээ. Саримсны онцлог үнэр, амт нь түүний найрлагад хуримтлагдсан эфирийн тосноос хамаардаг. Эфирийн тос нь бактери устгах эмчилгээний өндөр чанартай байдаг тухай тариаланчид мэдээлж байна.
Ташрамд Завханы улаан хальст саримс нь Монголын
үндэсний шилдэг 99 бүтээгдэхүүний нэг, Баруун бүсийн шилдэг бүтээгдэхүүн,
Завхан түншлэл 2005, 2006, 2007 оны шилдэг бүтээгдэхүүнээр тус тус шалгарсан
бүтээгдэхүүн юм байна.
Улаан хальст саримс нэрийн
бүтээгдэхүүн
болсон түүх
“Завханы гэх тодотголтой болсон энэ саримсыг брэнд болгож технологийнх нь
дагуу тариалж эхэлсэн түүх тариаланч нь Р.Омоонцоо гуайгаас эхтэй.
Завхан аймгийн Улиастайд 300-гаад жилийн өмнөөс хятад иргэд улаан хальст саримсыг нутагшуулан тариалж ирсэн түүхтэй. 1950-аад оны сүүлээр “Партизан Чойбалсан” нэгдэл сэргээн тариалж орон нутгийн саримсны хэрэгцээг хангаж байжээ. Гэсэн ч 1990-ээд он гарч нийгэм солигдсон ороо бусгаа цаг үед тариалалт нь багасч, устахад хүрсэн байна. Энэ үед буюу 1992 онд Р.Омоонцоо гуай Дархан-Уул аймгийн хүрээлэнгээс гурван кг саримсны үр авч тариалснаар “Улаан хальст саримс”-ыг устаж үгүй болохоос нь аварч, Завхан аймагт дахин сэргээжээ. Тэрээр улсын түүхэнд анх удаа нэг га-аас 60 центнер хүргэж ургац авч байсан байна. Өдгөө тэрээр арчилгаа их шаарддаг уг саримсыг хэрхэн тариалахыг нутаг нугынхандаа зааж өвлүүлснээр тариаланчид жил бүр тариалалтаа өсгөн арвин ургац авдаг болжээ.
Улаан хальст саримс нь ааг амтны хувьд цагаан саримснаас илт давуу. Нэг удаагийн хоолонд тал хумс саримс л хэрэглэхэд хангалттай. Улаан хальст саримсны бас нэг шид нь хорт хавдар, ханиад, бөөрний өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх шидтэй ажээ. Дөрвөн ам бүлтэй айл нэг килограмм саримсыг жил гаруйн хугацаанд хэрэглэдэг ажээ. Харин үнийн хувьд анх 1900 төгрөгөөр борлуулдаг байхад худалдаж авах хүн олддоггүй байсан бол үнэ өссөөр 50-70 мянган төгрөгт хүрч, саримс нутгийн иргэдэд ч олдох нь ховор ажээ.
Улаан хальст саримсны эрэлт жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд
үнийн хувьд жил бүр тогтворгүй, үнэ нэмэгдэх, олдоц ховор байдаг байна. Улаан хальст саримсыг 2019 оны намар нэг кг нь 60 мянга орчим төгрөгөөр худалдаалж байсан. Харин өвлийн улиралд нэг кг нь 70-80 мянга орчим төгрөг хүрчээ.
Улаан
хальст саримсыг судалсан түүх
Саримс нь Alliaceae овгийн
эмчилгээний чухал ач холбогдолтой таримал ургамлын нэг бөгөөд олон наст өвслөг
ургамал юм байна.
Ургамлын антибиотик хэмээн нэрлэгдэх фитонцидыг агуулдаг тул зүрх судас, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг идэвхжүүлж, биеийн дархлааг сайжруулдаг төдийгүй нян, мөөгөнцрийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг онцлогтой ажээ. Улаан хальст саримс нь зах зээлд 1кг нь 50-60000 төгрөгөөр үнэлэгддэг ба Хятадаас импортолдог цагаан саримстай харьцуулахад даруй 15 дахин өндөр үнэтэй байдаг. Энэ нь улаан хальст саримсны зах зээлийн эрэлт хэрэгцээ их. Үрээр үржих чадваргүй, зөвхөн вегетатив эрхтэн болох хумсаар үрждэг, үрийн эх материал болох хумс нь вирусний халдвар ихтэй, зөвхөн хязгаарлагдмал нутагт тариалдаг зэрэгтэй холбоотой ажээ. Иймээс улаан хальст саримсны вирусний халдваргүй эд болох меристемийн эдийн өсгөврөөс улаан хальст саримсны вирусгүй элит үрийн эх материал гарган авах зорилгоор судалгааны ажлыг хамгийн сүүлд 2017 онд хийжээ. Энэхүү судалгааг Биотехнологи, үржүүлгийн тэнхим МААБС, ХААИС, Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн Монхимо төвөөс судлаачид болон улаан хальст саримсны тариаланч Р.Омоонцоо нар хамтран хийжээ.
Харин улаан хальст саримсны эд эсийн өсгөврийн аргаар үржүүлэх судалгааг Б.Халиун, У.Наранхишиг нар 2010 онд, Улаан хальст саримсны биологийн идэвхит бодисыг тодорхойлох, in vitro орчинд меристемийн өсгөвөр хийх судалгааг Г.Ганзул, М.Жавзандулам, О.Наранцэцэг нар 2012, 2017 онд хийсэн баримт байна. Энэхүү судалгааны ажлаар тэд улаан хальст саримсыг in vitro орчинд меристемийн эдийн өсгөврийн аргаар үржүүлж, вирусний халдваргүй булцууг гарган авах, булцуу үүсэлтэд тохиромжтой гормоны нөлөөллийг илрүүлэх ажлуудыг амжилттай хийжээ.
Судлаачдын дүгнэснээр цаашид улаан хальст саримсны
агротехникийг сайн судалж усалгаа, температур, агаарын чийг зэргийг нарийн
тохируулах шаардлагатай гэж үзжээ.