“Uber” коронавирусээр халдварласан зорчигчийг тээвэрлэсэн жолооч нарын эрхийг түр хасжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2020-02-04 11:57:04

МЕХИКО. /Reuters/. АНУ-ын “Uber” компанийн Мексик дэх хоёр жолооч шинэ төрлийн коронавирусний халдвартай хүнийг тээвэрлэсэнтэй холбогдуулан тус компани олон зуун хэрэглэгчийнхээ хаягтаа нэвтрэх эрхийг түр хугацаагаар хасжээ.


Uber” компанийн мэдээлснээр, Мексикийн жолооч нарыг вирусний халдвар авсан байж болзошгүй хэмээн үзсэний улмаас 240 зорчигчийн хаяг болон уг хоёр жолоочийн хавсралтад нэвтрэх эрхийг түр хугацаагаар хассан ажээ. Тэдний дунд ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн хүн байхгүй хэдий ч нөхцөл байдлыг үргэлжлүүлэн хянах гэнэ. Тэдгээр хэрэглэгч хоёр долоо хоногийн турш “Uber” ашиглах боломжгүй болсон байна.


Мексикийн Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, Хятадын нэгэн иргэн өнгөрсөн нэгдүгээр сарын 20-нд Лос-Анжелес-Мехико чиглэлийн нислэгээр ирж, хоёр хоногийн турш жуулчдын үзэх дуртай байгууламжууд, музейнүүд, дэлгүүрүүдээр зочилсны дараа 22-нд “Uber”-ийн таксигаар нисэх буудалд хүргүүлсэн аж. Нэгдүгээр сарын 21-нээс халдварын шинж тэмдэг илэрсэн уг иргэн АНУ-д очсоныхоо дараа коронавирусээр халдварласан хэмээн оношлогджээ.


Коронавирусний халдварын далд үе 14 хоног орчим үргэлжилдэг тул “Uber” компани хоёр жолооч болон тэднээр үйлчлүүлсэн 240 зорчигчийн мэдээллийг Мексикийн холбогдох албанд хүргүүлсэн бөгөөд тус улсын Эрүүл мэндийн яам нөхцөл байдлыг хянаж байна. Мөн коронавирусээр халдварласан иргэний байрласан зочид буудлын ажилтнуудаас ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байна гэж Мексикийн Эрүүл мэндийн яам мэдээлжээ. 

Холбоотой мэдээ