Оюутан цэргүүд цэргийн эрдмийн хичээлд шамдан сурч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
dotood_editor@montsame.mn
2016-04-23 17:39:26

Гурав дахь жилдээ амжилттай хэрэгжиж буй "Оюутан цэрэг" хөтөлбөрийн сургалтын явцтай Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр нар өнөөдөр ШУТИС, МУИС, УБИС-д хичээллэж байхад нь очиж танилцлаа.

Хөтөлбөрт хамрагдсан оюутан залуус эхний сургалт болох цэргийн эрдмийн хичээлд шамдан сурч байна. Энэ жилийн хөтөлбөрийн сургалтад 1000 оюутныг хамруулахаар шийдвэрлэж, нийслэлээс гадна Ховд, Дорнод, Говьсүмбэр аймагт хөтөлбөрийг хэрэгжүүлж буйгаараа онцлог. Нийслэл дэх "Оюутан цэрэг" хөтөлбөрт нийт 6 дүүргийн 64 их, дээд сургуулиас 948 оюутан хамрагдаж, долоон их, дээд сургууль дээр долоон бүлгээр хичээллэж байгаа юм. БХИС-ийн захирлын тушаалаар томилогдсон сургалтын бүлгийн 17 багш долоо хоног бүрийн бямба, ням гаригуудын 09.00-14.00 цагийн хооронд нийт хоёр кредит 96 цагийн "Цэргийн ерөнхий бэлтгэл" сургалтыг хичээлийн хуваарь, хөтөлбөр, төлөвлөлтийн дагуу явуулж байгаа аж.

"Цэргийн ерөнхий бэлтгэл" сургалт энэ сарын 1-нээс эхэлсэн бөгөөд зургадугаар сарын нэгэн хүртэл үргэлжилнэ. Энэхүү хичээлийн дараа онолын шалгалт авч тэнцсэн оюутнуудаа эрүүл мэндийн үзлэгт хамруулан улмаар хоёр дахь шат буюу "Цэргийн мэргэжлийн бэлтгэл" сургалтад хамруулах юм. Энэ хугацаа нь зургадугаар срын 15-наас наймдугаар сарын 15-ны өдөр байхаар төлөвлөжээ. 

Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон уулзалтын эхэнд "Оюутан–цэрэг” хөтөлбөр 2014, 2015 онд амжилттай хэрэгжиж нийт 1500 орчим оюутан тус хөтөлбөрийн сургалтын хөтөлбөрийг бүрэн хангаад байна. Хөтөлбөрийн үр дүнд суралцагчдын сахилга, хүмүүжил, хувийн зохион байгуулалт, төлөвшилд сайнаар нөлөөлж, анги, хамт олны эв нэгдэл, сургалтын чанарт ахиц, өөрчлөлт гаргаж байгаа талаар сургуулийн удирдлага, багш, оюутнууд сэтгэл хангалуун байгаагаа бидэнд илэрхийлсээр байгааг энд дурдахад таатай байна. БХЯ “Цэргийн албаны тухай” хуулийн төсөлд их, дээд сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагч цэргийн насанд хүрсэн иргэн сайн дурын үндсэн дээр “Оюутан-цэрэг” сургалтад хамрагдаж, цэргийн мэргэжил эзэмшин цэргийн нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэгдэхээр тусган УИХ-д өргөн барьсан. Хуулийн төслийг маань энэ яг өдрүүдэд УИХ-д хэлэлцэж байна. Энэхүү хөтөлбөр хуульчлагдан хэрэгжсэнээр бүх нийтээр цэргийн алба хаах хуулийн заалтыг хэрэгжүүлэх, нийт залуусыг цэргийн алба хаалгадаг тогтолцоонд шилжихэд тодорхой хувь нэмрээ оруулахаас гадна их, дээд сургуулийн оюутнуудыг эрчимжсэн сургалттай цэргийн бэлтгэлд хамруулж эх орноо батлан хамгаалах, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлтэй цэргийн бэлтгэл үүрэгтний тоог нэмэгдүүлэх, Зэвсэгт хүчний үйл ажиллагаа, цэргийн албаны талаар олон нийтэд сурталчлан, таниулах чухал ач холбогдолтой" гээд нээлттэй ярилцлага өрнүүлсэн. Энэ үеэр Монголын оюутны холбооны Ерөнхийлөгч Н.Санчирбаатар оюутан залуучуудад цэргийн албыг богино хугацаанд хаах боломж нөхцөлийг сайжруулахаар ажиллаж байгаа зүтгэлийг үнэлж, холбооныхоо дээд шагнал болох "Соён гэгээрүүлэгч" одонг сайд Ц.Цолмонд гардууллаа.

Б.Туул

Холбоотой мэдээ