Хятадын сар судлах төхөөрөмж 370 орчим метр аялжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2020-02-03 15:36:18

БЭЭЖИН. /China Daily/. Хятадын “Yutu-2” буюу “Хаш туулай-2” нэртэй сар судлах төхөөрөмж Сарны дэлхийгээс харагддаггүй тал дээр 367.25 метр аялсан талаар тус улсын Сар судлал, сансрын хөтөлбөрийн төвөөс мэдээлжээ.


Сар судлал, сансрын хөтөлбөрийн төвийн мэдээлснээр, “Chang'e-4”, “Yutu-2” 14 дэх өдрийн судалгаагаа бямба гарагт дуусгаж, унтлагынхаа горимд шилжсэн ажээ. Сарны нэг өдөр дэлхийн 14 хоногтой тэнцдэг бөгөөд шөнө нь ч мөн ийм урттай үргэлжилдэг байна.


Шөнийн цагаар Нарны эрчим хүчийг цуглуулахад хүндрэл учирдаг тул төхөөрөмжүүд унтлагын горимдоо шилждэг ажээ. Хятадын сар судлах төхөөрөмжийн багаж хэрэгслүүд төлөвлөгөөнийхөө дагуу ажиллаж байгаа бөгөөд “Yutu-2” Саран дээр хамгийн удаан ажилласан төхөөрөмж болжээ.


2018 оны 12 дугаар сарын 8-нд хөөргөсөн “Chang'e-4” төхөөрөмж Сарны ар талын “Von Karman” тогоонд 2019 оны нэгдүгээр сарын 3-нд газардсан юм. Хятад улс Сарны сорьцыг дэлхийд авчрах “Chang'e-5” төхөөрөмжөө 2020 онд хөөргөхөөр төлөвлөж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ