Парисын хэлэлцээрт 175 орон гарын үсэг зурлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
nyamtulga@montsame.mn
2016-04-23 13:36:16

НҮБ. /BBC/. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрт 175 орны төлөөлөгчид гарын үсэг зурлаа. Ингэснээр энэ нь хамгийн олон орныг хамруулсан дэлхийн хэмжээний хэлэлцээр болж байна. Гарын үсэг зурах ёслол Нью-Йорк хот дахь НҮБ-ын төв байранд болжээ.

Энэхүү хэлэлцээрийг өнгөрсөн оны 12 дугаар сард Парис хотод болсон уур амьсгалын өөрчлөлтийн тухай бага хурлын үеэр байгуулсан билээ. Уг хэлэлцээрээр ногоон хүлэмжийн хийн ялгарлыг хязгаарлах арга хэмжээ яаралтай авч, энэ зууны хоёрдугаар хагас гэхэд ялгарлыг тэг болгохыг улс орнуудад уриалжээ.

Өчигдөр болсон гарын үсэг зурах ёслолын үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн хэлэлцээрийг ажил хэрэг болгохыг улс орнуудын төлөөлөгчдөд уриалаад, хэлэлцээрт нэгдсэн орнууд дэлхийг сайхан болгоно гэж мэдэгджээ.

Харин АНУ-ын кино жүжигчин,НҮБ-ын энхийн элч Леонардо Ди Каприо, “21 жил мэтгэлцсэний эцэст энэ хэлэлцээрийг баталлаа. Одоо ярих биш тунхаглах цаг болсон” гэж мэдэгдсэн байна.  

Дэлхийн хүлэмжийн хийн ялгарлын 55 хувийг бүрдүүлэгч наад зах нь 55 орон Парисын хэлэлцээрийг соёрхон баталснаар уг хэлэлцээр хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх юм.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ