Улсаас вакцин ирэхгүй байгаагаас малын өвчний гаралт ихэслээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-04-22 17:05:32

Он гарсаар Хэнтий аймгийн хэмжээнд малын гоц халдварт, халдварт өвчин их гарч байгаатай холбогдуулан аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын Мал эмнэлгийн хэлтсийн дарга Н.Анхбаяртай цөөн хором ярилцлаа.

-Хэнтий аймагт малын өвчин аль аль суманд гараад байгаа бөгөөд түүнтэй тэмцэх талаар ямар ажил хийж байна вэ?

-Манай аймагт малын өвчин өнгөрсөн онтой харьцуулахад нэлээд их гарч байна. Он гарсаар хонины цэцэг өвчинтэй тэмцэх ажлыг зохион байгуулж ажиллалаа. Энэ нь хонины гоц халдварт, эдийн засагт хор хөнөөл учруулдаг гамшигтай өвчин юм. Одоогийн байдлаар 6 суманд, Цэнхэрмандал, Дэлгэрхаан, Баян-Овоо, Дархан, Батноров, Баянхутаг суманд хонины гоц халдварт цэцэг өвчин оношлогдоод байна. Энэ өвчинтэй тэмцэхэд аймаг орон нутагт нэлээд хүндрэлтэй асуудлууд тулгарч байна. Зүй нь зааврын дагуу өвчилсөн хонийг тэр даруйд нь устгах арга хэмжээ авдаг. Мөн маш яаралтай хорио цээрийн дэглэм тогтоож, урьдчилан сэргийлэх вакцин тарьж дархлаажуулалтын ажлыг хэрэгжүүлэх учиртай. Анх Баян-Овоо, Дэлгэрхаан суманд халдвар гарахад улсаас тодорхой арга хэмжээ авахгүй байсаар байгаад одоо 6 суманд тархаад байна. Бид он гарснаас хойш дээш нь удаа дараа хүсэлт тавьсан боловч дархлаажуулалтын вакцин одоо болтол ирээгүй байна. Мөн ариутгал халдваргүйтгэлийн бодис, халдвар хамгааллын хувцас багаж хэрэгсэл гэх мэт зүйлүүд улсаас нэг ширхэг ч ирсэн юм алга. Ийм нөхцөлд бид орон нутагтаа зүгээр хараад байлтай биш, заавар журмын дагуу өвчилсөн малыг устгах, хорио цээрийн дэглэм тогтоох, ариутгал халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулж байна. Дээрх 6 суманд нийт 1247 хонь өвчилсөн, үүнээс 119-ийг устгасан, хөнгөн хэлбэрээр өвчилсөн 192 хонийг хяналтанд байлгаж байна. Зохих зааврыг баримтлахгүй байх явдал сум орон нутагт гарч байна. Яагаад гэвэл Улсын Онцгой Байдлын Газраас зориудаар устгасан малын нөхөн төлбөрийн асуудлыг шийдэж чадахгүй гэсэн асуудал яригдаж байгаа учраас малчид хонио устгуулах сонирхолгүй байна. Энэ нь зохих зааврыг хэрэгжүүлэхэд их хүндрэлтэй болгож байна. Гэхдээ малчдад ойлгуулсны үндсэн дээр устгах ажлыг явуулсан.

Аймгийн Онцгой комисс 4 удаа хуралдаж, тулгараад байгаа зарим асуудлыг шийдвэрлэж ажиллалаа. Аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 8,8 сая төгрөг шийдвэрлэж  ариутгалын бодис болох хлорын шохой, нэг удаагийн халдвар хамгааллын хувцас, ариутгалын автомакс гэх мэт бидэнд шаардлагатай зүйлсийг авч, мөн харуул хамгааллын постонд шаардагдах үйл ажиллагааны зардалд зарцуулж ажиллаж байна. Яг одоо бол Баян-Овоо суманд өвчний халдвар айлаас айлд дамжсан хэлбэртэй, бусад суманд намжмал байдалтай байгаа.

-Цэцэг өвчнөөс гадна ямар өвчин гарсан бэ?

-Он гарсаар малаас хүнд халдварладаг боом өвчин Баянхутаг суманд 2 тохиолдол гарсан. Мөн дотрын халдварт хордлого, дуут хавдар, гахайн цусан халдвар, галзуу зэрэг өвчин маш их гарч байна. Яагаад гэвэл өнөөдөр улсаас графикт тарилгын хугацаа болчихоод байхад шаардагдах тарилга ийлдэс одоо болтол ирээгүй байна. Иймээс өвчин гарсан хойно бид улсад асуудал тавьж гал намжаах төдий вакцин хийж араас нь хөөх маягтай ийм л маягаар ажиллаж байна. Уг нь масс вакцинжуулалтаа явуулаад өвчин гарахаас өмнө урьдчилан сэргийлэх тарилгуудаа хийчихсэн бол өвчний гаралтыг багасгаж чадах учиртай. Гэтэл малчид маань орон нутагт мал эмнэлгийн үйлчилгээ муу байна гэсэн шүүмжлэл хэлдэг. Иймээс бид боломжийнхоо хэрээр өвчнийг голомтонд нь цомхтгон дарах арга хэмжээг авч ажиллаж байна. Аймгийн хэмжээнд цэцэг, боом, галзуу, шүлхий өвчний 230 гаруй голомт байна. Энэ голомтоос өвчин сэргэх магадлал их байдаг. Сүүлийн жилүүдэд галзуу өвчин маш их гарч байгаа. Өнөөдөр улсын хэмжээнд 7 аймагт энэ өвчин гараад байна. Бид энэ жил 190 мянган малд уг өвчний эсрэг вакцин хийх учиртай ч одоогийн байдлаар 30 мянган малын тун вакцин ирсэн. Бид дээр дурдсан өвчний 200 гаруй голомтонд зохих арга хэмжээг авдаг. Жил бүр аймгийн Засаг даргын нөөц хөрөнгө, байгууллагын төсвөөсөө шатахуун, томилолтын зардлаа гаргаж ариутгал халдваргүйтгэлийн ажлыг 4-5-р сард авч хэрэгжүүлж явуулдаг. Энэ бүх голомтын байршлыг солбилцлоор нь тогтоогоод ажилладаг юм.

Хэнтий аймаг О.Буянхишиг

 

 

Холбоотой мэдээ