Монголын тэмээчид Хонгор нутагт чууллаа

Фото
munkhzul@montsame.mn
2020-01-30 16:08:07

Баянхонгор /МОНЦАМЭ/. “Тэмээ тэнгэрийн амьтан - 2020” тэмээчдийн улсын зөвлөгөөн Баянхонгор аймгийн Богд суманд энэ сарын 25-26-ны өдрүүдэд боллоо. Тэмээн сүргийн үүлдэр угсааг сайжруулах, тоо толгойг өсгөх, туршлага солилцох, тэмээчид, малчдын хөдөлмөрийг үнэлэх, алдаршуулах, гадаад, дотоодын жуулчдыг татах зорилготой тус үйл ажиллагааг 

18 дахь жилдээ зохион байгуулж буй.

Улсын зөвлөгөөнд Баянхонгор аймгийн ИТХ, ЗДТГ, ХХААХҮЯ-ны төлөөлөл, ХХААГ, БОАЖГ, Гадаад харилцаа, аялал жуулчлалын алба, Монголын тэмээн соёл, уралдааны холбоо, аймгийн Тэмээчдийн холбоо, сумдын ЗДТГ, тэмээчид, малчид болон эрдэмтдийн төлөөлөл, Өмнөговь, Говь-Алтай, Өвөрхангай, Ховд аймгийн удирдлага, ХХААГ-ын дарга, мэргэжилтнүүд, тэмээчид, иргэд оролцжээ. Ерөнхий ивээн тэтгэгчээр “Говийн сэргэлт сан” ТББ, “Бодио-с” брэнд, Баянхонгор аймгийн ЗДТГ, "Ногоон алт" ТББ, “Давшилт трейд” ХХК, хамтран зохион байгуулагчаар Богд сумын ЗДТГ, ИТХ, Баянхонгор аймгийн Тэмээчдийн холбоо, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо зэрэг байгууллагууд хамтран ажилласан байна. Зөвлөгөөний хүрээнд бүдээн атан тэмээний уралдаан, тайлаг, бэсрэг, торомны уралдаан, шилмэл буур, ингэ, сайхан тэмээтэй ганган хос, буйл зорох, бурантаг томох тэмцээн болон тэмээний гаралтай бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг мөн хийжээ. 

Мөн ирсэн зочид төлөөлөгчдөд зориулж орон нутгийн болон үндэсний онцлог соёл урлагийг илэрхийлэхээр "Түмэн эх" чуулга, аймгийн Хөгжимт драмын театр, Богд сумын Соёлын ордны уран бүтээлчид, ардын авьяастнууд уран бүтээлээсээ толилуулсан байна. 
/Гэрэл зургийг: Баянхонгор аймгийн Гэрэл зурагчдын холбоо, Г.Мөнгөнсүх, Б.Энхжин/