Б.Мягмаржав:Орчин үеийн дэлхийн эдийн засгийн хөгжлийн үүдийг Монголын их Юань гүрэн нээсэн

Монголын мэдээ | Соёл урлаг
183@montsame.mn
2020-01-28 16:11:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор Буянзын Мягмаржав МОНЦАМЭ агентлагт ном бүтээлийнхээ дээж 15 ботийг өнөөдөр бэлэглэлээ. Тэрбээр эдгээр ном бүтээлдээ дэлхийн эдийн засаг, нүүдлийн аж ахуй, өнөөгийн эколог, бизнес жуулчлалын асуудлыг хөндөн бичсэн аж.

- Эрдэмтэн багш та манай агентлагт бэлэглэж буй ном бүтээлийнхээ талаар сонирхуулна уу ?

- Миний бүтээлүүд олон улсын чиглэлтэй учраас өнөөгийн дэлхий, Ази, Африкийн орнуудын нүүдлийн мал аж ахуй болоод Монголын хаадын түүх бол дэлхий ба Евроазийн түүхтэй салшгүй холбоотой учраас манай улсын үндэсний агентлаг МОНЦАМЭ-дээ бэлэглэх сэтгэл төрсөн юм. Учир нь, МОНЦАМЭ агентлаг дэлхийн олон орны мэдээллийн сүлжээтэй ойр, өөрийн дэргэд англи, орос, хятад, япон зэрэг хэлээр сонин гаргаж түгээдэг учраас бүтээлээ бэлэглэх нь зөв гэж бодсон.

Эхний 9 боть нь дэлхийн 40 гаруй орныг хамарсан 40 сая нүүдэлчдийн амьдралыг тусгасан нүүдлийн мал аж ахуйн сэдэвтэй юм. Дараагийнх нь 6 боть Монголын эзэнт гүрэн, Монголын их Юань улсын түүх болон "Монголын нууц товчоо"-г дэлхийн эдийн засаг, олон улсын эдийн засгийн харилцаа, маркетингийн үүднээс судалж Хубилай, Өгөөдэй, Бат, Зүч, Гүюг зэрэг их хаадад зориулан бичсэн бүтээлүүд юм. 


- Эдгээр ботийг эрдэмтэн нөхөдтэйгөө хамтран бичив үү, аль эсвэл дан ганц таны бүтээлүүд үү?

- Хоёр ботийг нь баг болж хамтран бичсэн. Бусад бүх ботийг би өөрийнхөө олон жилийн судалгаа, ажиглалт, эрдмийн бүтээлийнхээ шим дор бүтээсэн гэх үү дээ. 

- Та эдийн засгаас гадна түүхийн чиглэлээр нэлээд судалгаа хийжээ дээ?

- Миний бие Завхан аймгийн Улиастай хотын уугуул. 1961 онд ХААДС-ийг төгсөж агрономич мэргэжилтэй болсон. Төгсүүтээ ХААЯ болон ХААЯ-ны шууд харьяа Хэрлэнбаян-Улааны отор тэжээлийн станцад ерөнхий агрономичоор ажиллаж байгаад ШУА-д эрдэм шинжилгээний ажилтнаар ажилласан. 1972 онд хуучнаар ЗХУ-ын Москва хотноо дэд эрдэмтний зэрэг хамгаалсан. 1999 онд "Монгол болон Ази, Африкийн нүүдлийн мал аж ахуйтай орнуудыг харьцуулан судалсан нь" сэдвээр шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. Энэ сэдэвтээ дэлхийн 40 орон, 40 сая нүүдэлчдийн аж ахуй эрхлэх ухааныг судлан багтаасан юм. 

-Хэд хэдэн их, дээд сургуульд багшилж байсныг тань дуулсан?

- Энэ хугацаанд ХААИС, МУИС-д багшлан олон эрдэмтэн шавьтай болсон бөгөөд тэдгээрийн дунд хоёроос гурван шинжлэх ухааны доктор, 10 гаруй дэд доктор бий. Түүнээс гадна ШУА-ийн Эдийн засгийн хүрээлэн, Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнд тус тус ажиллаж, олон улсын хурал, зөвлөлгөөнд илтгэл тавьж, залуу эрдэмтдийн эрдэм шинжилгээний ажлыг удирдаж байсан.

ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуульд доктор / Ph.D /, Агро экологийн сургуульд  шинжлэх ухааны доктор /Sc.D/ хамгаалуулах зөвлөл, МУИС-ийн Газар зүйн шинжлэх ухааны доктор /Sc.D/-ын зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүнээр тус тус ажиллаж байна.


- Та одоо яг ямар бүтээл хийж байна вэ?

- 15 боть дээрээ нэмээд 3 боть шинээр бичиж байна. Эдгээрийгээ хэвлүүлчихвэл 18 боть болох юм. Бичиж байгаа бүтээлээсээ иш татвал, "Олон улсын интеграц-Монголын эзэнт гүрэнд" гэсэн бүтээл дээрээ ид сууж байна. Энэ бүтээлдээ Мөнх хааны тухай өгүүлэх юм.

- "Дэлхийн эдийн засагт Монголын их Юань улсын оруулсан хувь нэмэр" боть тань сонирхол татаж байна. Энэ ботийн онцлог нь юу вэ?

- Энэ ботио Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ойд зориулан бичсэн юм. Гол онцлог нь орчин үеийн дэлхийн эдийн засгийн хөгжлийн үүдийг Монголын их Юань гүрний эдийн засаг нээж өгсөн гэдгийг өнөө үеийнхэнд ойлгуулах гэж хичээсэн юм. Жишээлэхэд, Юань гүрэн дэлхийд усан замын харилцааг хөгжүүлсэн, ялангуяа Энэтхэг, Солонгос, Япон, Зүүн өмнөд Азид усан харилцааг хөгжүүлэхэд ихээхэн нөлөөлснийг энэ ботьдоо онцлон дурдсан байгаа. Мөн өнөөдрийн яриад байгаа дэлхийчлэл болон дэлхийн эдийн засагт Монголын их Юань гүрний оруулсан хувь нэмэр их байсныг ч тодруулж өгөхийг хичээсэн. Мөн Өгөөдэй хааны 830 жилийн ойд зориулсан "Олон улсын маркетингийн орчин-Монголын нууц товчоонд" хэмээх 12 дугаар ботио охин М.Халиуныхаа /доктор/ хамт бичсэн. Энэ ном их хөдөлмөр, хөлс шингэсэн бүтээл болсон л доо. Энэ бүхнийгээ нэгтгээд дүгнэхэд, монгол хаадын тухай болоод дэлхийн нүүдлийн аж ахуйг өнөөдрийн эколог, бизнес, жуулчлалаас салгах аргагүй юм шиг бодогддог юм.


- Таны эрдмийн ажлыг охин чинь үргэлжлүүлж байгаа юм аа даа, бүтээлээс нь дурдвал...?

- Миний охин МУИС-ийг  Олон улсын худалдааны мэргэжлээр төгсөөд эрдэм судалгааны ажил хийж байна. 1997 онд Олон улсын худалдааны чиглэлээр дэд докторын зэрэг хамгаалсан. Одоогоор СЭЗИС-д багшилж байна. Хамгийн сүүлд  "Монголын ноос ноолууран бүтээгдэхүүн, тэдгээрийн брэнд-Олон улсын зах зээлд" номоо хэвлүүлээд байна.

Холбоотой мэдээ