Их, дээд сургууль, МСҮТ-ийг гуравдугаар сарын 2-ныг хүртэл хаав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-01-26 12:24:32
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар, коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс их, дээд сургууль, МСҮТ-ийн сургалтыг гуравдугаар сарын 2-ныг хүртэл зогсоохоор шийдвэрлэлээ.


Монгол Улсын Онцгой комисс өвчлөлийн нөхцөл байдалтай холбогдуулан баасан гарагт бүх ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийг гуравдугаар сарын 2 хүртэл хаахаар шийдвэрлэсэн билээ. Монгол Улсад коронавирусний сэжигтэй тохиолдол одоогоор бүртгэгдээгүй байна. 


Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр, өнөөдөр 09.00 цагийн байдлаар, шинэ коронавирусний халдвараар 1318 хүн өвчилж, 41 хүн нас барсан. БНХАУ-д 1287, Тайванд 3, Макаод 2, Хонконгод 5, Японд 2, БНСУ-д 2, Сингапурт 3, Вьетнамд 2, Австралид 1, АНУ-д 2, Тайландад 5, Балбад 2, Францад 3 хүн өвчилсөн. БНХАУ-ын ЭМЯ-ны мэдээлснээр, 08.50 цагийн байдлаар 324 хүн сэхээн амьдруулах тасагт байгаа бөгөөд бүрэн эдгэрсэн 49 иргэн эмнэлгээс гарсан байна. БНХАУ-ын ӨМӨЗО-ы Манжуурт 2, Шилийн голд 1, Эрээнд 4 сэжигтэй тохиолдол бүртгэгджээ.


Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар мөн БНХАУ-д байгаа оюутнуудаа татаж авах, хилээр орж гарч байгаа зорчигч, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах зэрэг асуудлаар шийдвэр гаргажээ. Засгийн газрын бусад шийдвэрийн талаар удахгүй дэлгэрэнгүй мэдээлэх болно. 

Холбоотой мэдээ