Ш.Тогтохбаяр: Төрийн түүхийн музейд 200 гаруй хосгүй үнэт үзмэр бий

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ariunbold@montsame.gov.mn
2020-01-23 17:49:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гадаад дотоодын зочид төлөөлөгчдөөс өөрт нь ирүүлсэн шашны болон бусад бэлэг дурсгал, үнэт зүйлс, ховор нандин зүйлсийг Төрийн ордны Төрийн түүхийн музейн сан хөмрөгт шилжүүлсэн. Энэ талаар Төрийн түүхийн музейн арга зүйч Ш.Тогтохбаяраас зарим зүйлийг тодруулав.


-Ерөнхийлөгч Х.Баттулга хэдэн үзмэр хандивласан бэ?

-2018-2019 онд өөрт нь ирүүлсэн бэлэг дурсгалыг 2019 оны сүүлээр нэг удаа, 2020 оны эхээр нэг удаа хандивласан. Нийт 160 гаруй үзмэр хандивласан.


-Дандаа гадны улс орнуудаас ирүүлсэн бэлэг үү?

-Янз бүр. Гадаадад айлчлахад нь эсхүл Монголд ирсэн гадны төлөөлөгчдийн өгсөн бэлэг бий. Дотоодод өрнүүлж буй томоохон бүтээн байгуулалтуудын загвар мөн байна. Тухайлбал, Монголд үйлдвэрлэх “царцаа ногоон” буюу АН2 онгоцны жижиг хувилбар зэрэг бий. Мөн “Мөнх тэнгэрийн бичиг” уран бичлэгийн үзэсгэлэнгийн хамгийн их хөдөлмөр зарцуулж бүтсэн “Нууц товчоо” уран бичлэгийн бүтээлийг музейн сан хөмрөгт хандивласан.



-Гадаадын хэдэн орны бэлэг дурсгал байна вэ. Онцлон нэрлэж болох уу?

-10 гаруй орны бэлэг бий. Ихэвчлэн тухайн улсын түүх соёл, аж ахуйг харуулсан байна. БНЭУ-аас Монголд ирсэн төлөөлөгчдийн болон тус улсад айлчлах үед нь өгсөн бэлэг хамгийн олон бий. Тэдгээр нь ихэвчлэн бурханы шашинтай холбоотой байдаг.



-Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж мөн музейд үзмэр хандивлаж байсан байх аа?

-Тийм ээ, 40 орчим үзмэр хүлээлгэн өгсөн нь мөн л бэлэг дурсгалын зүйлс байсан.


-Гадаад улс орнуудаас Ерөнхийлөгчид ирүүлсэн бэлгийг Төрийн түүхийн музейд хадгалах тухай дүрэм, журам бий юу. Эсхүл тухайн хүн өөрөө шийддэг үү?

-Ерөнхийлөгч өөрөө шийдсэн байх. Нарийн дүрэм, журмыг музей мэдэхгүй.



-Төрийн түүхийн музейд УИХ, Засгийн газрын гишүүд үзмэр хүлээлгэн өгдөг үү?

-Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ш.Гунгаадорж, Д.Бямбасүрэн нар үзмэр хүлээлгэн өгч байсан. Одоо улс төрд идэвхтэй байгаа хүмүүсээс бол үзмэр хүлээлгэн өгөхдөө хойрго байна.


-Төрийн түүхийн музейд хэдэн үзмэр хадгалагдаж байна вэ?


-Манайх шинэхэн музей. Одоогоор Хүннүгийн үеэс эхлээд Монгол төрийн түүхтэй холбоотой 2000 гаруй үзмэр бий. Монгол Улсад Ерөнхийлөгч, хууль тогтоох, гүйцэтгэх болон шүүх засаглалтай. Энэхүү дөрвөн засаглалын дагуу үзмэрээ баяжуулж байгаа. Онцолбол, 13 дугаар зууны үеийн Монголын хаадын нэр бүхий 200 гаруй зоосон мөнгө бий. Зоос тус бүрийг Монголын түүх, соёлын хосгүй үнэт үзмэр хэмээн бүртгэсэн байдаг. Монгол Улсад 2000 орчим хосгүй үнэт үзмэр бий. Үүнээс 10-15 хувь нь манайд байна гэсэн үг.


-Музейн үзмэрийг баяжуулахын тулд хувь хүмүүс, цуглуулагчдаас үзмэр худалдан авдаг уу?

-Хувь хүмүүст үнэ цэнтэй зүйл их бий. Гэхдээ музейн сан хөмрөг баяжуулахад тодорхой хөрөнгө тусгадаггүй. Тиймээс үзмэр хүлээлгэн өгсөн хүнд Батламж, Талархал өгдөг. Манай музей үзмэрээ үүрд хадгалах бодлого баримталдаг. Тиймээс төрийн зүтгэлтнүүд өөрт байгаа эд зүйлсээ хүлээлгэн өгсөн тохиолдолд хэдэн зуун жилээр хадгалах боломжтой гэсэн үг.



-Музей үзэгчээ хэрхэн хүлээн авч байна вэ?

-УИХ-ын гишүүдийн урилгаар Төрийн ордноор зочилж буй иргэд манай музейгээр зочилдог нь нийт үзэгчдийн дийлэнх хувь. Мөн гадаадын зочид төлөөлөгчдөд үзүүлдэг. Олон нийтэд нээлттэй байх үед буюу 2016 онд 180 мянган үзэгч хүлээн авсан. Харин өнгөрсөн онд 20-30 мянган үзэгч хүлээн авсан.


Холбоотой мэдээ