Олимпийн эрхийн төлөөх тэмцээнд 80 орны тамирчин оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-04-22 09:08:58

Улаанбаатар хотноо “Буянт-Ухаа” спортын ордонд эхлэх олимпийн сонгон шалгаруулах “The first “Last-Chance”, “Эхний Сүүлчийн боломж” тэмцээний талаар Зохион байгуулах хороо, МЧБХ-ноос “Туушин” зочид буудлын “Соёмбо” танхимд хэвлэлийн бага хурал хийлээ.

Хэвлэлийн бага хуралд ДБНХ-ны дэд ерөнхийлөгч, Гүйцэтгэх хорооны болон Товчооны гишүүн А.А.Рузиев, Товчооны гишүүн Карл-Мартин Питтманн, Шүүгчдийн зөвлөлийн дарга А.Силвестри нар оролцлоо.

Тэмцээнийг ЗБХ-ны нарийн бичгийн дарга, МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга О.Баянмөнх мэдээлэл хийхдээ “Энэ тэмцээнд оролцохоор дэлхийн 5 тивийн 80 орны 500 гаруй бөх хүрэлцэн ирээд байна. Монголын спортын түүхэнд гадаадын ийм олон орны тамирчид ирж байсан тохиолдол өмнө нь гарч байгаагүй юм. Манай холбооноос олимпийн сонгон шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохиох гэж хоёр жилийн өмнөөс хөөцөлдөж үр дүн нь одоо гарч байна. ДБНХ-ноос энэ тэмцээний техникийн төлөөлөгчөөр ДБНХ-ны дэд ерөнхийлөгч, Гүйцэтгэх хорооны болон Товчооны гишүүн А.А.Рузиев /Узбек/, Товчооны гишүүн Карл-Мартин Питтманн /ХБНГУ/, зааварлагчаар ДБНХ-ны Шүүгчдийн зөвлөлийн дарга А.Силвестри /ХБНГУ/, тус зөвлөлийн гишүүн К.Михайлов /Узбек/, Х.И.Кикиогли /Турк/, супервайзерууд буюу давхар хяналтын шүүгчээр Жаксукулов Бахытжан /Казахстан/, Эдишер Мачайзе /Гүрж/, Регина Ле Глеут /Франц/ нар хүрэлцэн ирээд байна. Тэмцээнийг дэлхий даяар цацах видео бичлэгийн Сербийн баг мөн хүрэлцэн иржээ. Манай улсаас олон улсын шүүгч Б.Төмөрбаатар, Ц.Сэрээтэр нар ажиллана. Энэ тэмцээний бэлтгэл ажлыг хангах, амжилттай зохион явуулахын төлөө Зохион байгуулах хороо, манай холбооны ажилтнууд, сайн дурынхан цаг завгүй зүтгэж байна. Тэмцээнд оролцохоор ирсэн гадаадын бөхчүүд Спортын төв ордон, “Чингис” зочид буудлын Бялдаржуулалтын танхимд бэлтгэл сургуулилтаа хийж байгаа. Тэмцээнд зориулж товхимол, зурагт хуудас гаргасан. Тэмцээнийг Үндэсний хөрөнгө оруулалтын банк, “М Си Эс Кока кола”, “Кроун” компаниуд ивээн тэтгэж байна. Мэдээллийн ивээн тэтгэгчээр “МҮОНТ”, “НТВ”, “Сүлд” зурагт ажиллаж тэмцээнийг шууд дамжуулан үзүүлнэ. Тэмцээнд оролцохоор сонгомол барилдааны төрөлд Иран улсаас олимпийн аварга, дэлхийн 6 удаагийн аварга Хамид Сориан, эмэгтэй чөлөөт бөхийн төрөлд АНУ-аас дэлхийн аварга Хэлэн Марилиус, Казахстан улсаас азийн 3 удаагийн аварга Татьяна Аманжол, ОХУ-аас европийн 5 удаагийн аварга Н.Гольц, ДАШТ-ний мөнгө, хүрэл медальт Екатерина Букина, Латви улсаас ДАШТ-ний хүрэл медальт Лаура Скужина, Унгараас дэлхийн аварга Марианна Шастина, БНХАУ-аас дэлхийн аварга Чжан Лан, Азербайжанаас дэлхийн аварга Юлия Раткевич, Испаниас олимпийн хүрэл медальт Унда Майдер Гонзалес, БНАСАУ-аас ДАШТ-ний хүрэл медальт Хьон Гён Ким нар барилдахаар ирсэн байна. Иймд олимпийн 48 эрхийн төлөө энэ тэмцээн өрсөлдөөнтэй, сонирхолтой болно гэдэгт итгэж байна.” гэж онцлон дурдсан.

ДБНХ-ны дэд ерөнхийлөгч А.А.Рузиев сурвалжлагчийн асуултад хариулахдаа “МЧБХ нь чадварлаг үндэсний холбоодын нэг гэж ДБНХ үздэг. Тийм учраас Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн, эмэгтэй багуудын Дэлхийн цомын төлөө тэмцээнийг сайтар зохион байгуулсныг нь үнэлж олимпийн эрхийн дэлхийн тэмцээнийг явуулах эрхийг Улаанбаатарт олгосон юм. Насанд хүрэгчдийн ДАШТ-ийг явуулах тухайд бол бүх боломж нөхцөл танайд байна. Зочид буудлуудын хоорондын тээвэрлэлтийн асуудал гээд техникийн асуудал байна. Үүнийг  бол шийдвэрлэж болох асуудал. Ер нь бол боломжтой.” гэсэн бол ДБНХ-ны Шүүгчдийн зөвлөлийн дарга А.Силвестри “Энэ тэмцээн өрсөлдөөнтэй сайхан болно гэдэгт итгэж байна. Шүүгчдийн зүгээс өндөр шаардлага тавьж ажиллана. Барилдах бөх хоёр дасгалжуулагчийн хамт л дэвжээнд гарна. Шүүлт шударга болно. Одоогоор 38 шүүгч ажиллахаар ирээд байна, тоо нь нэмэгдэнэ” гэлээ.

Холбоотой мэдээ