Швейцарийн Холбооны Улсын Парламентын төлөөлөгчидтэй уулзлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-04-21 20:00:34

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Швейцарийн парламентын бүлгийн дарга Л.Болд Швейцарийн Холбооны Улсын Парламентын гишүүн Кати Риклиний тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзав.

УИХ-ын гишүүн Л.Болд Швейцарийн Холбооны Улсын Парламентын төлөөлөгчдөд Монгол оронд тавтай зочлохыг хүсээд Ази-Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтад оролцож буйд талархал илэрхийлээд хоёр улсын парламентын уламжлалт, найрсаг харилцаатайг онцлон тэмдэглэв. Мөн тэрээр, Манай улс Швейцарийн Холбооны улстай хамтын ажиллагаагаа илүү өргөн хүрээнд хөгжүүлэхийг зорин ажиллаж байна. Тухайлбал, эдийн засаг, экспорт, аялал жуулчлал, үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллах боломж их байгаа гэв.

Швейцарийн холбооны Улсын Парламентын гишүүд Монгол Улсад анх удаагаа ирж байгаагаа хэлээд найрсаг дотноо угтан авсанд талархал илэрхийлэв. Швейцарийн холбооны Улсын Парламентын гишүүн Кэти Риклин хоёр улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхийг дэмжиж байна. Монгол, Швейцарь хоёр улсад адил төстэй талууд олон бий. Аль аль нь хүчирхэг том улсуудаар хүрээлүүлж, тэндэнтэй хамтран ажилладаг. Монгол Улсын тухайд БНХАУ, ОХУ-тай хиллэдэг бол Швейцарь Герман, Франц, Итали зэрэг улстай хиллэж, сайн хөршийн харилцаатай байдаг. Монгол Улс жил бүр Давосын уулзалтад оролцож байгаа нь хоёр улсын харилцаанд төдийгүй олон улсын түвшний харилцаанд сайнаар нөлөөлж байна гэдгийг онцлов. Түүнчлэн Монгол Улс сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх бүрэн боломжтойг хэлсэн.

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Швейцарийн парламентын бүлгийн дарга Л.Болд хэлэхдээ, Монгол Улсын Их Хурал өнгөрсөн жил ЕАБХАБ-ын 2015 оны намрын Парламентын Ассамблейн хурлыг зохион байгуулсан бол энэ удаад Ази-Европын Парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтыг эх орондоо зохион байгуулж байна. Жил бүр манай улсад бусад улс орнуудын парламентын төлөөлөл хүрэлцэн ирж байгаад баяртай байна. Монголыг Ази тивийн Швейцарь гэдэг. Танай улсын төрийн тогтолцоо, түүний туршлага, шууд ардчиллын тогтолцоо үнэхээр хүчирхэг бүтэцтэй. Та бүгдээс суралцах зүйл бидэнд маш их бий. Удахгүй байгуулагдах шинэ парламентын түвшинд та бүхэнтэй харилцаж ирсэн уламжлалаа хадгалж, харилцаа, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Швейцарь бол бидний эдийн засгийн асуудлаар олон улстай харилцах хамгийн чухал түншүүдийн нэг.“Давос”-ын Эдийн засгийн чуулга уулзалт үүнийг нотолно. Тэнд дэлхийн эдийн засгийн томоохон төлөөлөгчид бүгд цугладаг. Швейцарь улс үйлдвэрлэл өндөр хөгжсөн, экспортлогч улс билээ. Бидэнд Швейцарийн компаниудтай хамтарч ажиллах сонирхол бий гэдгийг дурдсан.

Мөн Монголын томоохонд тооцогдох их, дээд сургуулиуд Швейцарийн нэр хүндтэй их сургуулиудтай хамтран ажилладаг. Бид сайн суралцдаг оюутнуудаа Засгийн газрын тэтгэлгээр Дэлхийн шилдэг 20 их дээд сургуулиудад, тэр дундаа Швейцарьт суралцуулдаг. Танай улсад суралцах оюутны тоог улам нэмэгдүүлэх сонирхолтой байна.

Монгол Улс анх тусгаар тогтнолоо тунхагласны дараа тэр үеийн удирдлагууд улс орноо Швейцарь шиг хөгжүүлэхийг зорьж байлаа. Анх 40 гаруй залуучуудыг Герман улсад суралцуулахаар илгээж байв. Одоо мянга мянган оюутнууд дэлхийн өнцөг булан бүрт суралцаж байна. Гэхдээ тэднээс гадна маш олон авьяас, чадвартай залуучууд гадагшаа явж суралцах боломжгүй байна. Тэднийг төр засгаас дэмжих хэрэгтэй байна гэдгийг дурдаад Швейцарь улсын парламентын зүгээс энэ тал дээр дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Холбоотой мэдээ