Интерполын тэргүүн асанд 13.5 жил хорих ял оноожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-01-21 17:31:43

БЭЭЖИН. /TASS/. БНХАУ-ын Тяньжин хотын Дунд шатны Ардын шүүхээс Олон улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага буюу Интерполын тэргүүн асан Мэн Хувэйд 13.5 жил хорих ял оноолоо.


Хятадын төв телевизээр мэдээлснээр, шүүгдэгч уг шийдвэрийг давж заалдах хүсэлтээ илэрхийлээгүй бөгөөд давж заалдах гомдол гаргаагүй байна. Тэрбээр мөн 2 сая юань буюу одоогийн ханшаар 292 мянга орчим ам.долларын торгууль төлөх ёстой юм.


Мэн Хунвэйг авлига авсан, албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт буруутгажээ. Тэрбээр төрийн албан тушаал хашиж байхдаа 14.46 сая юанийн /2 сая 12 мянган ам.доллар/ хахууль авсан нь мөрдөн шалгалтын явцад тогтоогдсон байна. Мэн Хувэйг хууль зөрчсөн хэрэгт сэжиглэн баривчилсан гэж Хятадын эрх баригчид 2018 оны 10 дугаар сарын 7-нд мэдээлсэн бол Интерполын тэргүүн асан авлига болон бусад гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа гэж БНХАУ-ын Нийгмийн аюулгүй байдлын яам мэдэгджээ.


Мэн Хунвэйг Хятадын удирдлага 2019 оны гуравдугаар сарын сүүлчээр албан тушаалаас нь чөлөөлж, Коммунист намын эгнээнээс хассан байна. Төрийн хяналт шалгалтын хорооны мэдэгдэлд дурдсанаар, тэрбээр “намын сахилга батыг ноцтой зөрчсөнөө” хүлээжээ. Мөн оны дөрөвдүгээр сарын 24-нд БНХАУ-ын Ардын дээд прокурорын газраас түүнийг баривчлах шийдвэр гаргасан байна.


2012 онд Си Жиньпинь тэргүүтэй БНХАУ-ын тав дахь үеийн удирдлага төрийн эрхэнд гарсны дараа тус улсад авлигатай тэмцэх томоохон хэмжээний кампанит ажил өрнүүлсэн билээ. 

Холбоотой мэдээ