Олон улсын Шударга олборлолтын стандартын гэрчилгээг авчээ

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-01-21 13:50:01

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мандал суманд бичил уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Дууш Мандал Хайрхан” Төрийн бус байгууллага, “Шижир Хишиг” нөхөрлөл гэсэн хоёр байгууллага Олон улсын Шударга олборлолтын стандартын гэрчилгээг гардан авчээ.

Уг гэрчилгээг Монголын бичил уурхайчдын Нэгдсэн дээвэр холбооны гүйцэтгэх захирал Г.Мөнхцэцэг хүрэлцэн ирж гардуулан өгсөн байна. Энэхүү сертификатыг авахын тулд Шударга олборлолт, шударга худалдаа, эко алт хөтөлбөрт хамрагдаж, 270 гаруй шалгуур үзүүлэлтийг хангасан байх шаардлагыг тавьдаг аж. Энэхүү шаардлагыг хэрхэн биелүүлж буй эсэхийг Олон улсын Аудит экспертүүд ирж, бодит үйл ажиллагааг нь хянаж, шалгасны үндсэн дээр үнэлгээ дүгнэлтийг өгдөг байна. Дээрх хоёр аж ахуйн нэгж уг шалгуурыг давсан учраас ийн тус гэрчилгээг авчээ.

“Дууш Мандал Хайрхан” ТББ нь 2008 оны 4-р сарын 30-нд орон нутгийн тогтвортой бичил уурхайн хөгжлийг дэмжих, ХАМО иргэдийн амжиргааны түвшинг сайжруулах зорилготой байгуулагдсан байна. Тус байгууллага нь тэргүүн, гүйцэтгэх захирал, удирдах зөвлөл, гишүүд гэсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Монгол Улсын Уул уурхайн аврах албанаас мэргэжил аргазүйн зөвлөгөө авч, ТБУТ-ийн дэмжлэгтэйгээр авран туслах баг байгуулан ажиллаж байгаа гэнэ. Мөн энэ хамт олон анх удаа 2010 онд бичил уурхайн дээвэр холбоо байгуулах санал гаргаж "Үндэсний мэдээ" сонинд уриалга нийтлүүлж байжээ. Харин Шижир Хишиг нөхөрлөл нь Ази тивдээ болон Монгол Улсад хоёр дах байгууллага болж олон улсын зах зээлд алтаа худалдаалах эрхтэй болж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ