Д.Трампын импичментийн асуудлыг Сенат өнөөдрөөс хэлэлцэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-01-21 12:36:02

ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад итгэл үзүүлэх эсэх асуудлыг /импичмент/ шүүх ажиллагаа Конгрессын Сенатын танхимд мягмар гарагт эхэлнэ.


АНУ-ын түүхэнд Ерөнхийлөгчийг өргөсөн тангаргаа зөрчсөн хэмээн үзэж, импичментийг эхлүүлсэн гурав дахь тохиолдол энэ болж байна. Д.Трампыг бүрэн эрхээ урвуулан ашигласан, Конгрессын мөрдөн шалгах ажилд саад учруулсан гэсэн хоёр үндэслэлээр буруутгаж байгаа юм.


Шүүх ажиллагааны эхэнд Сенатын танхим дахь Бүгд найрамдах намын бүлгийн дарга Митч Макконнеллийн санал болгосон хугацааны талаар санал хураалт явуулах ажээ. Тэрбээр Төлөөлөгчдийн танхимын Ардчилсан намын төлөөлөгчид болон Д.Трампыг өмгөөлөх багт үндэслэлүүдээ танилцуулах 24 цагийн хугацааг тус тус олгох санал дэвшүүлжээ.  


Сануулан дурдахад, Америкийн түүхэнд импичментийн асуудалд холбогдсон хоёр ерөнхийлөгч байдаг нь Эндрю Жонсон /1868 он/, Билл Клинтон /1998 он/ нар бөгөөд Сенат тэднийг гэм буруугүй хэмээн үзсэн юм. 

Холбоотой мэдээ