17 цэгт зэрлэг амьтдад өвс, тэжээл тавьж өгчээ

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2020-01-20 21:37:02

Завхан /МОНЦАМЭ/.Завханд өвөлжилт хүндэрсэн зарим газарт ан амьтдын идэш тэжээл хомсдож, зүй бусаар хорогдохоос сэргийлж биотехникийн арга хэмжээ явуулжээ.

Тухайлбал Алдархаан, Дөрвөлжин, Идэр, Эрдэнэхайрхан, Цагаанхайрхан, Шилүүстэй, Тосонцэнгэл суманд нийт 17 цэгт 67 боодол өвс, 1.62 тонн хужир тавьжээ. Биотехникийн арга хэмжээ нь зэрлэг амьтны амьдрах орчныг тэтгэх, идэш тэжээлийн хомсдолд орохоос урьдчилан сэргийлэх зорилготой юм. Идэш тэжээл тавьж өгөхөөс гадна, цасгүй байгаа газруудад мөс, ус тавьж өгөх арга хэмжээг мөн явуулдаг. Ан амьтанд зориулан биотехникийн арга хэмжээ авах талаарх зөвлөмж, зааварчилгааг сумдын удирдлага болон байгаль орчныг хамгаалах улсын байцаагч, байгаль хамгаалагч нарт аймгийн БОАЖГ-ын мэргэжилтнүүд энэ үеэр өгдөг уламжлалтай.

Өнгөрсөн жил манай газраас Тосонцэнгэл, Баянтэс, Яруу гэхчлэн зургаан сумын нутагт ан амьтанд зориулан 200 боодол өвс, 1.5  тонн хужирыг тавьж өгсөн. Улсын тусгай хамгаалалттай газруудтай хамтран Улиастай сумын Богдын голын чиглэлд Рашаан гол, Мод толгой, Горхи, Гангийн ар гэх газарт 1000 кг хужир, Таван салааны гарам, Сампилийн овоо, Нарт нуур зэрэг газарт 1200 кг хужир шүү тавьж өгсөн. Цаашид шаардлагатай газруудад нэмж биотехникийн арга хэмжээг тухайн цаг үед заавал явуулдаг юм хэмээн аймгийн БОАЖГ-аас мэдээлэв. 

Холбоотой мэдээ