Д.Тогтохсүрэн: УИХ-ын гишүүд казинод тоглоогүй

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2020-01-20 14:41:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат болон Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Чулуунхүү нар казинод тоглосон тухай мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан.


Энэ талаар УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэвлэлийнхэнд албан ёсны тайлбар өгөхдөө, “УИХ-аар Казиногийн тухай хуулийг хэлэлцэж байгаа тул казиногийн талаар тодорхой ойлголт, мэдлэгтэй болохын тулд ороод гарсан. Харин тоглоогүй” хэмээсэн юм.


Тэрбээр, "Австралийн Холбооны Улсад болсон Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулганд УИХ-ын дарга Г.Занданшатар болон бусад албаныхантай хамт оролцсон. Хуралд оролцох үеэр буюу энэ сарын 17-нд УИХ-ын гишүүдийг Сидней хоттой танилцуулсан юм. Энэ үеэр УИХ-ын гурван гишүүн Элчин сайдтай хамт казино орж, үйл ажиллагаатай нь танилцаад гарсан. Казиногийн үйл ажиллагааг сонирхсоны төлөө хариуцлага тооцно гэвэл би хариуцлага хүлээхэд бэлэн байна” гэлээ.

Холбоотой мэдээ