Хэнтий аймгийн шүүхүүд ажлаа нээлттэй тайлагналаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймагт нийт дөрвөн шатны шүүх үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2019 оны ажлаа хэвлэлийн бага хурал зохион байгуулж нээлттэй тайлагналаа.
Тодруулбал, Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхүүд тус бүр жилийн эцсийн байдлаар шийдвэрлэсэн хэргийн талаар ийн мэдээлсэн юм.
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 онд 784 хэргийг хянан шийдвэрлэсэн нь өмнөх онтой харьцуулахад 0,9 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Үүнээс хялбаршуулсан журмаар 251, шүүх хуралдаанаар 475 хэргийг шийдвэрлэж, маргааны хувьд зээлийн харилцаанаас үүссэн маргаан 18 хувь, гэр бүлийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаан 16 хувь, нөхөх олговор гаргуулах 5,8 хувийг тус тус эзэлж байна. Улсын тэмдэгтийн хураамжаас улсын төсөвт 70,7 сая төгрөгийн орлого оруулсан дүн мэдээтэй байна.
Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 310 хүнд холбогдох 269 хэргийг хянан шийдвэрлэсэн ба өмнөх онтой харьцуулахад хэргийн тоо 11,5 хувиар өсч, нийт ял шийтгүүлсэн 276 хүнээс хорих ялаар 84, хорих ял эдлүүлэхгүйгээр тэнссэн 36, нийтэд тустай ажил хийлгэх ялаар 33, торгох ялаар 138, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг 15 хүүхдэд тус тус оноосон байна. Энэ онд 16 хүүхэд, 17 эмэгтэй ял шийтгүүлжээ.
Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2019 онд 13 хэргийг хянан шийдвэрлэж, зургаа буюу 46 хувийг хялбаршуулсан журмаар, долоо буюу 54 хувийг шүүх хуралдаанаар шийдвэрлэжээ. Хянан шийдвэрлэсэн 13 хэргийн 54 хувь нь хуулийн этгээдийн гаргасан нэхэмжлэл, үлдсэн нь иргэний нэхэмжлэлтэй ба төрийн албаны маргаан хоёр, газрын маргаан зургаа, иргэний улсын бүртгэл, төрийн хяналт шалгалт, ашигт малтмал, тендер тус бүр нэг, бусад маргаан нэгийг хянан шийдвэрлэсэн байна.
Хэнтий
аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь 2019 онд эрүүгийн 57
хэрэг хянан шийдвэрлэсэн нь
өмнөх онтой харьцуулахад 49,8 хувиар өссөн бөгөөд иргэний хэрэг 8,6 хувиар
буурсан дүнтэй байна.