Монголын Гүйлтийн цанын тамирчид өнөөдөр уралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
ariunbold@montsame.gov.mn
2020-01-18 13:18:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Швейцар улсын Лозанн хотноо болж буй "Лозанн-2020" залуучуудын өвлийн олимпын III наадмын Гүйлтийн цанын төрлийн эхний гараа өнөөдөр Улаанбаатар хотын цагаар 18:00 цагт болно.


Энэхүү төрөлд Монголын цаначдаас О.Золбаяр, Б.Хонгор, Б.Номин-Эрдэнэ, Д.Урангоо нар хурд хүчээ сорих бөгөөд тамирчид өчигдөр буюу энэ сарын 17-нд олимпын замд бэлтгэл хийсэн гэдгийг МҮОХ-ноос мэдээлэв.


Энэ сарын 9-22-нд болж буй "Лозанн-2020" залуучуудын өвлийн олимпод 70 гаруй улсын 1800 гаруй тамирчин спортын 16 төрлөөр 81 багц медалийн төлөө өрсөлдөж буй юм. Уг наадамд Монголын баг Биатлон болон Гүйлтийн цанын төрөлд оролцож байна.



Биатлоны эрэгтэйчүүдийн төрөлд өрсөлдсөн Э.Энхсайхан 12.5км-ын зайг 36:50.9 минутад туулж, 99 тамирчнаас 12 дугаар байр, 7.5км зайг 22:27.3 минутад туул 99 тамирчнаас 49 дүгээр байрт шалгарсан. Харин эмэгтэйчүүдийн төрөлд өрсөлдсөн Ч.Бямбасүрэн 10км зайг 46:48.2 минутад туулж, 97 тамирчнаас уралдсанаас 87 дугаар байр, 6км зайг 24:01.9 минутад туулж, 97 тамирчнаас 83 дугаар байрт шалгарсан юм.

Холбоотой мэдээ