Инфляцийн түвшин 2.9 хувь буурчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-01-17 11:09:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын 2019 оны нийгэм, эдийн засгийн байдлын жилийн статистик мэдээллээр хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индекс өнгөрсөн онд 5.2 хувиар өссөн дүнтэй гарав.


Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2019 оны 12 дугаар сард өмнөх оны эцсээс 5.2, өмнөх сарынхаас 0.6 хувь өсөж, үүнд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 8.3 хувь өссөн нөлөөлөв. Хүнсний бараа, ундаа, усны бүлэг дотроо мах, махан бүтээгдэхүүний дэд бүлгийн үнэ 16 хувь, согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 4.4 хувиар өссөн байна. Харин согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 3.3 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 7.1 хувь өсжээ. 


Инфляцийн түвшин 2019 оны 12 дугаар сард 5.2 хувь болж, өмнөх оныхоос 2.9 хувиар буурсан байна. (2016 оны 12 дугаар сард 1.3, 2017 оны 12 дугаар сард 6.4, 2018 оны 12 дугаар сард 8.1 хувь гарч байв). 


Инфляцийн жилийн дундаж түвшин 2018 онд 6.8 хувь байсан бол 2019 онд 7.3 хувьд хүрээд байна.  Хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд нийт 373 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээ багтдаг. Нийслэл Улаанбаатар хотод 344 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг судлан гаргадаг. Нийт 373 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний 200 нь импортын бараа бүтээгдэхүүн байдаг бөгөөд энэ нь нийт жингийн 45.5 хувийг эзэлдэг байна. 


Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ нийслэл Улаанбаатар хотод 2019 оны 12 дугаар сард өмнөх сарынхаас 0.6 хувь, өмнөх оны эцсээс 5 хувиар өссөн байна. Улаанбаатар хотод 2019 оны 12 дугаар сард өмнөх сарынхаас хэрэглээний сагсны 344 нэрийн бараа, үйлчилгээний 34.9 хувь буюу 120 бараа, үйлчилгээний үнэ өсөж, 6.4 хувь буюу 22 бараа, үйлчилгээний үнэ буурч, 58.7 хувь буюу 202 бараа, үйлчилгээний үнэ өөрчлөлтгүй байв.

Холбоотой мэдээ