Зэвсэгт хүчний тухай хуулийн төслийг дэмжлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-04-21 15:39:45

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Зэвсэгт хүчний тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв.

Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр хууль санаачлагчийн илтгэлдээ, “Зэвсэгт хүчний тухай хуулийг 2002 онд баталсан. Монгол Улсын зэвсэгт хүчин, түүний чиг үүрэг, байгуулалтын үндэс, бүтэц, зохион байгуулалт, зэвсэгт хүчинд тавих иргэний хяналт, зэвсэгт хүчний талаарх төрийн байгууллага, албан тушаалтны болон цэргийн мэргэжлийн удирдлагын байгууллагын бүрэн эрхийг тодорхойлж, тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулж ирсэн 6 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан. Өнгөрсөн жил УИХ-аас баталсан Батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичигт “Монгол Улсын батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааны харилцааг зохицуулах хууль, эрх зүйн хэм хэмжээний цогц байдлыг хангана” гэж заасанд нийцүүлэн шинэчлэх шаардлага гарсан” гэдгийг онцлов. Үүний дараа Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр танилцуулсан юм.

Дээрх танилцуулгатай холбогдуулж асуулт асууж үг хэлэх гишүүн байсангүй. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин ажлын уялдаа холбоотой санал гаргав. Хуралдааныг даргалагч, УИХ-ын дэд дарга М.Энхболд эл асуудлыг хариуцсан албаныхан анхааралдаа авахыг сануулсан. Үүгээр тус хуулийн хэлэлцүүлэг дууссан ба олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүллээ.

Б.Туул

Холбоотой мэдээ