Японд авлигын хэргээр баривчлагдсан депутатыг шинэ хэрэгт буруутгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-01-14 15:58:50

ТОКИО. /Koyodo/. Токиогийн Прокурорын газар Японы эрх баригч Либерал-ардчилсан намаас парламентад сонгогдсон Цукасе Акимотог шинэ хэрэгт буруутгажээ. Түүнийг Хятадын мөрийтэй тоглоомын бизнес эрхлэгчдээс авлига авсан хэрэгт сэжиглэн өнгөрсөн оны 12 дугаар сарын 25-нд баривчилсан юм.


Японы үндэсний олон нийтийн телевизийн мэдээлснээр, мөрдөн байцаагчид түүнийг хээл хахууль авсныг нотлох шинэ баримтуудыг олж тогтоож чадсан гэж үзэж байгаа аж. Баривчлагдах үедээ депутат 3 сая иен /27500 орчим ам.доллар/авсан гэж мөрдөн байцаагчид мэдээлжээ. Одоо түүний хахуульд авсан нийт мөнгөний хэмжээ 7 сая иен /63600 гаруй ам.доллар/ болж байгаа аж. Энэ мөнгийг тэрбээр бэлнээр төдийгүй Макао руу бизнес ангиллаар үнэгүй нисэх, аяллын зардлаа төлүүлэх зэрэг хууль бус үйлчилгээний хэлбэрээр авчээ. 


Акимото 2017 оны наймдугаар сараас өнгөрсөн оны 10 дугаар сар хүртэл дэд сайдаар ажиллаж байсан бөгөөд Японд зугаа цэнгэлийн бүс, казино байгуулахтай холбоотой хөрөнгө оруулалтын төслүүдийг хариуцаж байжээ. Мөрдөн шалгалтын явцад тэрбээр мөрийтэй тоглоомын бизнес эрхэлдэг Хятадын нэгэн компанитай холбоотой болохыг тогтоосон байна. Тус компани нь шинээр байгуулж буй томоохон рашаан сувиллын газруудын хүрээнд үйл ажиллагаа явуулах казино байгуулахад идэвхтэй оролцохыг ихээхэн сонирхож байгаа юм байна.


Прокурорын газраас мэдээлснээр, энэ компанийн төлөөлөгчид хамгийн багадаа хэдэн арван мянган ам.долларыг гаалийн  мэдүүлэгт дурдалгүйгээр Японд бэлнээр оруулжээ. Энэ мөнгийг депутатад авлига хэлбэрээр шилжүүлэн өгсөн гэж мөрдөн байцаагчид сэжиглэж байгаа аж. Энэ хэрэгт холбогдуулан мөн Японд казино байгуулах зөвшөөрөл авахыг оролдсон Хятадын компанийн гурван ажилтныг баривчилсан байна. Акимито өөрийг нь сэжиглэж буй бүх хэргийг няцаажээ. 

Холбоотой мэдээ