Тусгай зориулалтаар агнах, барих амьтдын тоог бууруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-01-14 15:52:19

Булган /МОНЦАМЭ/  Булган аймагт энэ онд тусгай зориулалтаар буюу аялал жуулчлалын үйлчилгээний чиглэлээр агнах, барих амьтдын тоог өнгөрсөн оныхоос бууруулсан байна.

Тухайлбал агнуурын шувуу агнах хэмжээг хоёр дахин багасгаж Баяннуур, Хутаг-Өндөр суманд 50 толгойг агнаж, тул загас барьж, буцаан тавих тоог 12,5 хувиар бууруулан Тэшиг суманд 35 тул загас “харахаар” болгожээ. Ан амьтны нөөц ашигласны төлбөрийн орлогыг 11,2 мянган ам.доллар байхаар тооцож, төлбөр хураамжийг Монгол банкны тухайн өдрийн ханшийг баримтлан төгрөгөөр тогтоон төсвийн орлого бүрдүүлэх юм байна.  

-Аймгийн ан агнуурын менежментийн төлөвлөгөө батлан хэрэгжүүлж байгаагийн үр дүнд агнуурын бүс нутаг тогтоосон. Мэргэжлийн байгууллагын гаргасан дүгнэлтээр зарим төрлийн анг авлахыг зөвшөөрч байгаа. Энэ жил Бүрэгхангай суманд халиун буга хоёрыг агнах хуваарь тогтоолоо. Өнгөрсөн онд Хутаг-Өндөр суманд хариун буга агнахаар төлөвлөсөн ч гэрээ хийсэн аж ахуйн нэгж хугацаандаа үйл ажиллагаа явуулаагүй учраас төлөвлөгөө тасарсан гэж аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга А.Гантөмөр ярилаа.

Холбоотой мэдээ