Хятад дуу дуулаачдын уралдаанд 30 орны залуус өрсөлдөнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ“Усан шооны цом” Хятад дуу дуулаачдын олон улсын VI их наадам-зуны фестиваль ирэх долдугаар сарын 20-ноос наймдугаар сарын 8-нд БНХАУ-ын нийслэл Бээжин хотын “Шувууны үүр-Усан шоо” цогцолборт болно.
Хятад хэл суралцаж буй сурагчид, оюутан залуус, ажилтан албан хаагчдын дунд Хятадын соёлыг таниулах, урлагийн авъяасыг дэмжих, хэлний боловсрол, дуудлагыг дээшлүүлэхэд түлхэц болох, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготой тус наадамд Монгол Улсыг төлөөлөн оролцогч тив бүрээс хүрэлцэн ирсэн 30 шахам орны залуустай өрсөлдөх юм.
Уралдааныг БНХАУ-ын Засгийн газар, Соёлын яам, Нийслэл Бээжин хотын захиргаа, Гадаад улсад суух БНХАУ-ын Элчин сайдын яамд хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг.
Тус уралдаанд Монгол болон гадаад улсад Хятад хэл соёлыг сонгон суралцаж, ажиллаж буй ЕБС-ийн сурагчид, их дээд сургуулийн оюутнууд, ажилтан албан хаагчид оролцох боломжтой. Нэгдүгээр шатны сонгон шалгаруулалт ирэх сарын 1-нд Монгол-Хятадын “Найрамдал” дунд сургуулийн урлаг зааланд, хоёрдугаар шатны Гала тоглолт буюу шагнал гардуулах ёслол ирэх сарын 8-нд Хүүхдийн ордны концертын их танхимд болно хэмээн албаныхан хэллээ.
Бүртгэлийг энэ сарын 28-ныг хүртэл ажлын өдрүүдээр Монгол-Хятадын Найрамдал сургуулийн 214 тоотод болон цахим шуудангаар gereltuya2008@yahoo.com хаягаар хүлээн авна.
Ж.Болор