Эквадорын сөрөг хүчний 7 гишүүнд орогнол олгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-01-10 12:42:11

МЕХИКО. /РИА Новости/. Эквадорын Ерөнхийлөгч асан Рафаэль Корреагийн Иргэний хувьсгалын төлөөх хөдөлгөөний 7 гишүүнд Мексикийн Засгийн газар орогнол олгосон тухайгаа мэдэгджээ. Өнгөрсөн оны 10 дугаар сард Эквадорт болсон хүчтэй эсэргүүцлийн дараа эдгээр 7 гишүүн Кито дахь Мексикийн ЭСЯ-наас орогнол хүссэн байна.


“Дипломат ёс заншил, олон улсын хамгаалалтын бодлогын дагуу Эквадорын 7 гишүүнд улс төрийн орогнол олгож байгаагаа Мексикийн Засгийн газар мэдэгдэж байна” хэмээн мэдэгдэлд дурджээ.

Түүнчлэн тус мэдэгдэлд дурдсанаар, эдгээр иргэнд Эквадорын Гадаад хэргийн яам аюулгүй гарах зөвшөөрөл олгосон байна.


Эквадорын сөрөг хүчнийхний мэдэгдсэнээр, Иргэний хувьсгалын төлөөх хөдөлгөөний хэдэн арван гишүүн төрийн байгууллагын зүгээс шахалтад өртжээ. 

 

Эквадорт өнгөрсөн 10 дугаар сарын эхэн үеэс хойш эсэргүүцэл өрнөж байгаа юм. Түлшинд олгох татаасыг цуцлах, эдийн засгийн шинэчлэл хийгдэх болсон нь үүнд түлхэц болжээ. Эсэргүүцэгчид Кито нисэх онгоцны буудалд хүрэх замуудыг хааж, газрын тосны ордуудыг дайран эзэлж, олон аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд доголдол учруулсан юм. Үүнтэй холбогдуулан Эквадорын Ерөнхийлөгч Ленин Морено онц байдал зарласан юм.  

Холбоотой мэдээ