Сурагчдын амралтыг сунгав

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2020-01-09 23:19:48

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймагт томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан сурагчдын амралтыг долоо хоног сунгах шийдвэрийг гаргажээ. 

Өнөөдөр тус аймгийн Засаг даргын орлогч Г.Хэрлэнчулуунаар ахлуулсан ажлын хэсэг Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн нөхцөл байдалтай танилцаж, холбогдох мэдээллийг сонслоо. Хэнтий аймгийн хэмжээнд томуугийн дэгдэлт 11,2 хувьтай байгаа бөгөөд томуугийн В хэв шинжийн вирусийн халдварын тархалт өндөр байна. В вирус нь насанд хүрэгчдээс илүү ихэвчлэн бага насны хүүхдүүдийг өвчлүүлдэг, хүнээс хүнд халдварлахдаа амархан аж. Гэхдээ энэ нь шинэ төрлийн вирус биш бөгөөд иргэд өөрсдөө дархлаагаа дэмжих, амны хаалт зүүх, ариун цэврийг сайн сахих, бага насны хүүхдүүдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байх зэрэгт анхаарснаар урьдчилан сэргийлэх боломжтой юм.

Харин нэгэнт ханиадны шинж тэмдэг илэрсэн, бага насны хүүхэд халуурч эхэлсэн бол маш яаралтай эмнэлэгт хандаж, мэргэжлийн эмчийн зөвлөгөөн дор эмчилгээ хийлгэх шаардлагатай. Харин дур мэдэн эм тариа хэрэглэснээр өвчнийг улам хүндрүүлэх тохиолууд их байгаа талаар мэргэжлийн эмч анхаарууллаа.

Одоогоор Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн зургаа нь хүнд, хүндэвтэр гэсэн оноштой байна. Эдгээр хүүхдийн дийлэнх нь нярай байгаа бөгөөд уушигны хатгалгаа, амьсгалын дутагдалд орсон гэх оноштой эмчлүүлж байгаа юм байна.

Тиймээс аймгийн Засаг даргын орлогч Г.Хэрлэнчулуун ЭМГ болон нэгдсэн эмнэлгийн удирдлагуудад дараах үүрэг чиглэлийг өглөө. Үүнд хүүхдийн тасагт шаардлагатай тоног төхөөрөмжийг бусад тасгуудаас татан авч дотроо зохицуулалт хийх, хүүхдийн тасагт эмч сувилагч нэмж ажиллуулах, автомашины бэлэн байдлыг хангах, эмчлүүлээд гарсан хүүхдийг өрхийн эмнэлгийн хяналтад шилжүүлэх, шаардлагатай эм тариаг бэлэн байлгахыг санууллаа.

Үүний дараа аймгийн Засаг даргын удирдлагын зөвлөлийг хуралдуулж, сургуулийн ээлжийн амралтыг долоо хоногоор үргэлжлүүлэн сунгахаар шийдвэрлэлээ. Тодруулбал аймгийн хэмжээнд ЕБС-ийн сурагчдын ээлжийн амралтыг нэгдүгээр сарын 20-ныг хүртэл сунгахаар болсон бөгөөд харин цэцэрлэгүүд хэвийн ажиллахаар боллоо.

Холбоотой мэдээ